Америкийн Колорадо мужийн Боулдер хотод Газын зурвас дахь Израилын барьцааны хүмүүсийг дэмжих жагсаал боллоо. Жагсаалын үеэр Мохаммед Сабри Солиман гэгч этгээд шатах шингэнтэй шил шидэж, жагсагчдыг шатаах гэж оролджээ. Цагдаагийн газрын мэдээлснээр зургаан хүн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 67-88 насны ахмад настнууд байгаа юм.
Холбооны мөрдөх товчооноос хэргийг алан хядах ажиллагаа хэмээн үзэж, мөрдлөгөө эхлүүлжээ. Баривчлагдсан Мохаммед Сабри Солиман 45 настай, хэрэг үйлдэх үедээ “Палестинд эрх чөлөө” хэмээн хашхирч байжээ. Гарт нь дахиад хоёр шатах шингэнтэй шил байгаа нь бичлэгт үлдсэн байна.
Израилын ГХЯ-ны сайд Гидеон Саар “Боулдерт болсон еврейчүүдийг хөнөөх гэсэн аймшигт алан хядах ажиллагаанд ихэд цочирдлоо. Энэ бол цэвэр еврей нарын эсрэг үзэл” гэж мэдэгдсэн бол НҮБ дахь Израилын төлөөлөгч Данни Данон “Еврей нарын эсрэг алан хядлага Газын зурвасаас хальж, АНУ-ын гудамжинд ирлээ” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Энэ бол АНУ-д сүүлийн хоёр сард гарсан гурав дахь Израилын эсрэг халдлага юм. Дөрөвдүгээр сард Израилын арми Палестинд цохилт өгсний дараа Пенсильваний амбан захирагчийн байрыг шатаасан. Харин тавдугаар сарын 21-нд Вашингтон дахь Израилын ЭСЯ-ны хоёр ажилтныг Еврейн музейн дэргэд буудан хөнөөсөн билээ.