UBLife Logo
Дэлхий

ОХУ, Украины хэлэлцээр ганц цагт дууслаа

ОХУ, Украины хэлэлцээр ганц цагт дууслаа

Өчигдөр /2025.06.02/ Туркийн Истанбулд ОХУ, Украины энхийн хэлэлцээрийн хоёрдугаар шат явагдлаа. Хоёр тал хүмүүнлэгийн арга хэмжээний талаар тохиролцсон ч гал зогсоох зөвшилцөлд хүрч чадсангүй.

Хэлэлцээрийг зуучлагч тал Туркийн ГХЯ-ны сайд Хакан Фидан нээж үг хэлсэн. Орос хэл дээр явагдсан хэлэлцээр ердөө ганц цагт өндөрлөж, талууд үр дүнгийн талаар сэтгүүлчдэд тайлагналаа.

Олзлогдсон цэргүүд солилцохоор болсон бөгөөд энэ удаад 25-аас залуу насныхан, хүнд өвчтэй, хүнд шархадсан цэргүүдийг тоо хамаарахгүй, бүгдийг нь солилцох тохиролцоонд хүрчээ. ОХУ-ын талын мэдэгдсэнээр 1000 гаруй хүн энэ солилцоонд хамаарах боломжтой гэнэ. Мөн Оросын тал амиа алдсан украин цэргийн 6000 цогцсыг Киевт хүлээлгэн өгөх болсон байна.

Дайныг зогсоох, түр хугацаагаар гал зогсоох тал дээр ахиц гарсангүй. ОХУ-ын талаас тавьсан санал Украиныг бууж өгөхийг шаардсан мэт агуулгатай байсан гэж Барууны хэвлэл онцолжээ. Үүнд: ОХУ-ын эзэлсэн 5 мужийг Оросын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөх, Украин улс НАТО зэрэг цэргийн эвсэлд нэгдэхээс татгалзах, цэрэг армийн хэмжээг багасгах, орос хэлийг төрийн хэл гэж хүлээн зөвшөөрөх, ОХУ-ын эсрэг хоригийг цуцлахыг дэмжих гэх мэт.

Харин Украины тал армиа багасгах, эзлэгдсэн нутгаа Оросынх гэж хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзсан. Мөн галыг бүрэн зогсоож, олон улсын нийгэмлэгийн оролцоотойгоор аюулгүй байдлын баталгаа авсныхаа дараа л ОХУ-ын эсрэг хоригийг цуцлахад дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.