Магнус Карлсен Норвеги дахь "Norway Chess 2025" тэмцээний 6-р тойрогт Энэтхэгийн 19 настай дэлхийн аварга Д.Гукешид хожигдлоо. Энэ нь Карлсений хувьд анхны классик тоглолтын ялагдал бол Гукешийн хувьд анхны ялалт болсон юм. Тоглолтын сүүлчийн мөчид Карлсен давуу байрлалтайгаар хожих бүрэн боломжтой байсан ч том алдаа гаргаснаар Гукеш ялалтыг өөрлүүгээ эргүүлж чадсан юм. Тоглолтын дараа Карлсен сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй ширээгээ цохиж, сэтгүүлчдэд ярилцлага өгөлгүй гарч явжээ.


Харин Гукешийн хувьд энэхүү ялалт нь олон улсад гарах эхлэлээ тавьж байна. Түүний тэвчээр, хатуужил нь олон хүний талархлыг хүртэж, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди түүний амжилтыг ихэд сайшаасан юм.


Ингээд хоёр шатарчдын тухай сонирхолтой баримтуудыг танилцуулъя:

Хамгийн урт, ялагдалгүй тоглолт
Магнус Карлсен 2018 оны 7-р сарын 31-ээс 2020 оны 10-р сарын 9 хүртэл 125 тоглолт дараалан ялагдалгүй тоглож, энэ нь шатрын түүхэнд хамгийн урт ялагдалгүй тоглолт болжээ. Энэ хугацаанд тэрээр 42 ялалт, 83 тэнцээ хийсэн юм.
Дэлхийн чансааны хамгийн өндөр үнэлгээ
Карлсен 2014 оны 5-р сард 2882 оноо авсан нь шатрын түүхэнд хамгийн өндөр чансааны үнэлгээ юм. Тэрээр энэ амжилтаа 2019 онд дахин давтсан байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 5 удаа түрүүлсэн
Карлсен 2013, 2014, 2016, 2018, 2021 онуудад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулж, үүгээрээ тэр стратегийн өндөр ур чадвартайгаа батлан харуулдаг.
Тоглоомын апп
Карлсен хүүхдүүдэд зориулсан "Magnus’ Kingdom of Chess" нэртэй шатрын тоглоомын апп хөгжүүлж, шатрын хичээлийг хөгжилтэй байдлаар заадаг байна.
Салбар бүрд амжилттай
Карлсен шатрын спортоос гадна “G-Star Raw” зэрэг брэндүүдийн нүүр царай болж, бизнесийн салбарт ч амжилттай ажиллаж байна.
Гэр бүл, амьдралын хэв маяг
Магнус Карлсен нь Тёнсберг хотод төрсөн бөгөөд аав Henrik Albert Carlsen нь мэдээллийн технологийн зөвлөх, ээж Sigrun Øen нь химийн инженер мэргэжилтэй хүмүүс юм. Түүний гэр бүл нь Тёнсберг, Брюссель, Ломмедален зэрэг газруудад амьдарч, Карлсен олон улсын шатрын тэмцээнүүдэд оролцох үеэрээ гэр бүлээ дагуулан явдаг байжээ.
2025 оны 5-р сард Карлсен болон түүний эхнэр Элла Виктория нар анхны хүүхдээ хүлээж бугаа зарласан юм. Сонирхуулахад Магнус ихэнхдээ вегетариан хоол хэрэглэж тэнцвэртэй хооллохыг хичээдэг аж.

Хамгийн залуу аварга
Гукеш.Д анх 7 насандаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн ба 2017 оны 3-р сард 10 насандаа олон улсын мастер болж байжээ.
Амжилт, шагнал
Энэтхэгийн шатрын түүхэнд хамгийн залуу дэлхийн аварга болж, 2024 оны 4-р сард Канадын Торонто хотод болсон алдарт Кандидат тэмцээнд түрүүлж, дэлхийн аваргын эрх авсан. Мөн 2024 онд Энэтхэгийн хамгийн том спортын шагнал болох "Major Dhyan Chand Khel Ratna" шагналыг хүртэж байжээ.
Хобби
Шатрын спортоос гадна Гукеш крикет, видео тоглоом тоглох, кино үзэх зэрэг хоббитой.
Гэр бүл
Гукешийн гэр бүл нь Андра Прадеш мужийн Ченчуражу Кандрига хэмээх тосгоноос гаралтай бөгөөд түүний аав доктор Раджникант нь эмч ба ээж, Падма Кумари нь микробиологич мэргэжилтэй. Түүний аав 2017-2018 онд Гукешийн ирээдүйд анхаарч эмчийн ажлаа орхиж, ээж нь гэр бүлийнхээ арын албыг хаших үүргийг хүлээж түүний шатрын тэмцээнд оролцох боломжийг бүрдүүлэхийн тулд олон зүйлийг хойш тавьжээ.