Испанийн Санта Фегийн Андалусийн цагдаагийн газраас иргэдийг орой үдшийн цагаар чанга дуу чимээ гаргахгүй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх уриалга гаргахдаа гэгээн цагаан өдөр, гэрэлт нарын дор гадаа нарлан суугаа зургаан эмээгийн зургийг Х-д (хуучнаар твиттер) байршуулсан нь шүүмжлэл, хошигнол дагуулж байна.
Тэд Х-д “Манай зарим бүс нутагт гадаа ширээ, сандал тавиад суух нь уламжлал шахуу гэдгийг бид ойлгодог ч нийтийн зам талбайг ашиглах нь журам зөрчсөн хэрэг. Хэрэв цагдаа таньд ширээ, сандлаа хураа гэж шаардлага тавибал ёсоор биелүүлэх хэрэгтэй. Хамтран ажилласанд баярлалаа” хэмээн бичихдээ дээрх зургийн хамт байрлуулсан юм.
Олон нийтийн талбайд шорлог хийж, мах шарж, гитар балбан, чанга чанга хашгичсан хүмүүсийн зургийг биш яагаад зүв зүгээр нарлан суугаа эмээ нарыг гэм хийсэн мэт харагдуулж буйд олон хүн эгдүүцжээ.
Андалуси нь Испанийн хамгийн халуун хэсгийн нэг бөгөөд үдийн хойно, оройн сэрүү ортол гадаа сандлаа авч гаран найз нөхөд, гэр бүлээрээ суухыг испани хэлнээ “tomando el fresco” хэмээдэг аж. Улмаар 4 жилийн өмнө Андалусийн хотын захирагч нь энэ уламжлалыг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвд бүртгүүлэх санаачилга гаргаж байсан удаатай.
Дээрх зураг бүхий уриалга гарснаас хойш эсэргүүцэл, ёжлол Испани даяар гаарч “Настнууд минь, гадаа суух “гэмт хэрэг” үйлдэхэд тань хамтрагч хэрэгтэй бол би дуртайяа нэгдэх болно шүү” хэмээн уриалж эхэлжээ.
“Бид ахмад настнуудыг гадаа сэрүүцэн суухийг хориглосон хэрэг огт биш. Харин олон нийтийн зам, талбайд хөндөлсөн, чанга дуу чимээ гарган дуулж, орилолдож, шорлог хийж суудаг хүмүүст л хамаатай уриалга гаргасан” хэмээн хотын дарга Хуан Кобо нь учирлаад ч тусыг эс олов.
Эх сурвалж: theguardian.com