45 удаа Эзэн хааны цом өргөсөн, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо Улаанбаатар хотод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат аавынхаа гэрэлт хөшөөний нээлтэд оролцоод өчигдөр Токиод эргэн ирлээ. Мэдээж Нарита олон улсын нисэх буудал дээр сэтгүүлчид түүнийг хүлээж байв.
Сүмогийн ихэнх рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон Хакүхогийн дэвжээний бөх нь хэрэг тарьсны улмаас Миягино дэвжээг хаах шийдвэр холбоо гаргасан. Гэхдээ нэг жил гэж тогтоож байсан юм. Харин нэг жил өнгөрсөн ч холбоо Миягино дэвжээг дахин нээх талаар ярихгүй байсан тул Хакүхо сүмо бөхийн холбооноос гарахаар шийдвэрлэсэн билээ.

Сэтгүүлчид энэ талаар асуусан ч Хакүхо “Энэ сарын 9-нд Токиод хийх хэвлэлийн хурал дээр ярих болно. Энэ удаад аавынхаа хөшөөний нээлтэд оролцоод ирлээ. Нээлтийн өдөр цаг агаар сайхан байлаа. Богино хугацаанд харьсан болохоор цаг тун хурдан өнгөрлөө” гээд нисэх буудлыг орхисон.
Маргааш болох хэвлэлийн хурал олны анхаарлын төвд байна.