Дагестаны бөх Магомед Рамазанов өнгөрсөн Парисын олимпын наадамд чөлөөт бөхийн 86 кг жингийн финалд Ираны алдарт Хасан Язданиг ялж, олимпын аварга болсон. Гэхдээ түүний алтан медаль ОХУ-д биш Болгарт очсон юм. Магомед Болгарын өмнөөс барилддаг болоод удаагүй ч энэ жил шинэ эх орондоо бас Европын алтан медаль авч өгсөн билээ. Түүнтэй Оросын “Чемпионат” сайтын сэтгүүлч уулзан, илэн далангүй ярилцжээ. Мэдээж иргэншлээ сольсон тамирчин урвагч уу гэдэг асуудал гол сэдэв байлаа.
ОХУ-ын шигшээд барилдах маш хэцүү
- Магомед, Европын аварга болсон тань таны эзэлсэн бас нэгэн оргил боллоо.
-Дахин нэг цом авсандаа баяртай байна. Гэхдээ мэдээж олимпын аварга болсноос бага мэдрэмж төрсөн л дөө.
-Зүгээр л жирийн барилдаад түрүүлсэн гэсэн үг үү?
-Тиймээ, би хоёр дахь удаагаа тивийн аваргад оролцож байна. Түрүүлсэн нь сайхан хэрэг ч сүртэй баярлаагүй. Европын АШТ бол орон нутгийн хэмжээний тэмцээн. Харин олимп бол дэлхийн түвшин.
-Сандарч тэвдээгүй хэрэг үү?
-Мэдэхгүй. 2020 онд Оросын шигшээд багтаад Европын АШТ-д ирэхэд их түгшүүртэй байлаа. ОХУ-ын шигшээд барилдахад маш хэцүү, их хариуцлагатай. Заавал ялах ёстой байдаг. Тэр үед би мөнгөн медаль аваад сэтгэлээр их унасан.
-Беларусын Кадимагомедов одоо таны хамгийн хэцүү өрсөлдөгч үү?
-Өнгөрсөн Европын АШТ-д бол тийм. Яг одоо гэвэл мэдээж үгүй. Сайн, хүчтэй залуус олон бий. Удахгүй ДАШТ дээр тэд гол өрсөлдөгч болно.

-Тодорхой нэр хэлбэл?
-Орос, Иран, Америкаас хэн ч ирсэн хүчтэй өрсөлдөгч болно. Энэ гурав бол хамгийн хүчирхэг гурвал. За тэгээд легионерууд гараад ирнэ. Хөнгөн хэсэгт орох гэж найдахгүй.
-ДАШТ-ий финалд Оросын Артур Найфоновтай таарахыг хүсэж байна уу? Энэ жингийн гол бөх ч яагаад тэр том тэмцээнд түрүүлдэггүй юм бол?
-Спортод үргэлж ялна гэж байхгүй. Тэр олон жил ОХУ-ын лидер байсан, дэлхийд зөвхөн Хасан Яздани, Дэвид Тейлор хоёрт л ялагддаг байсан. Ихэнхдээ иран залууд ялагддаг байлаа. Артур бол шилдэг бөх. Магомедхабиб бас л хэцүү өрсөлдөгч. 74 кг-аас жин ахисан ч 86 кг-д яг таарч байгаа. Спортод бүгд л ялж, ялагддаг. Артур магадгүй оройтож хөдөлж эхэлдэг нь саад болдог байх.

Олимпын өмнө ОХУ хамтарсан бэлтгэлээс татгалзсан
-Болгарт бэлтгэлийн нөхцөл ямар байна? Цугларалт хаана болж байна? Та нарыг оросуудтай хамт бэлтгэл хийхийг хориглосон гэсэн.
-Тиймээ, олимпын өмнө Оросын тал намайг хамт бэлтгэл хийлгээгүй. Биеийн бэлтгэл, хүчний дасгал ч хийлгээгүй. Гэхдээ би өөр хувилбарууд олж чадсан. Зарим талаараа илүү сайн газар ч байлаа. Дасгалжуулагч болон тусалж байсан хүмүүстэйгээ хамт ихэнхдээ хувиараа бэлтгэлээ хангасан. Кабардино-Балкар, Дагестан, Осетид сүүлийн бэлтгэлээ базаасан.
-Болгарт бэлтгэл хийгээгүй юу?
-Болгарт одоо Бөхийн холбооны удирдлага солигдоод байгаа. Өмнөх холбоотой бараг холбоогүй байсан болохоор тэдэнд ямар хөтөлбөр байсныг мэдэхгүй юм. Тэд намайг Европ, олимпод бие даан бэлтгэх боломж олгосон. Харин шинэ холбоо бэлтгэл, цугларалт хийх төлөвлөгөө гаргасан байсан. Ирэх жил бүх юм шийдэгдэнэ. Заримдаа бид Бельмекенд ууланд цугларалт хийдэг. Софи хот, заримдаа Гүржид бэлтгэнэ. ДАШТ дөхөөд ирэхээр би Болгарт хэдэн цугларалтад гараад үндсэн бэлтгэлээ Осетин, Дагестанд хийх бодолтой байгаа.

-Болгарын бөхийн холбооноос заавал цугларалтад оролц гэж шаарддаг уу?
-Хамтарсан цугларалт их хийдэг болсон. Би татгалздаггүй, гадаадаас ирсэн над шиг легионер, нутгийн болгар бөхчүүдэд ч ашигтай. Гэхдээ гадаадад хамтарсан бэлтгэл хийвэл дээр санагддаг. Учир нь гадаадад жингийн бэлтгэл хангагч хангалттай байдаг. Болгарт сайн бөх бий ч бидэнд илүү ур чадвартай бэлтгэл хангагч хэрэгтэй байна. Холбооны өмнө ямар нэг үүрэг, хариуцлага үүрдэггүй. Намайг болгар хэл сурахыг хүссэн. Ойлгомжтой шүү дээ. Иргэншил аваад хэл сурч эхэлсэн. Практик дутаад байгаа.
Намайг авахыг хэн ч хүсээгүй
-Та ОХУ-ын тамирчин ч Болгарт олимпын алтан медаль авч өгсөн. Энэ чинь та төрж өсөн, тамирчин болсон орноо дутуу хайрладаг болсон гэсэн үг үү?
-Надаас “Энэ хэний медаль вэ” гэж асуусан хүн бий. Хэний гэж? Хамтын медаль. Орост бэлтгэл хийж, хүмүүжээгүй бол энэ амжилт ирэхгүй байсан. Харин Болгар улс надад паспорт, бие даан бэлтгэл хийх боломж олгосон. Энэ медаль Болгар байхгүй бол бас л байхгүй байсан. Миний бэлтгэл сургууль, туршлага байгаагүй бол бас байхгүй байсан медаль. Би олон газар бэлтгэл хийж байсан. Энэ бол миний зам. Хэн нэгний гавьяа гэж онцолж болохгүй. Анхны дасгалжуулагч, сүүлийн дасгалжуулагч яг адилхан хувь нэмрээ оруулдаг.
-Иргэншлээ солих шийдвэрийг хэрхэн гаргав? Хэзээ гадаад оронд шилжих хэрэгтэйгээ ойлгов?
-24 настайдаа би зодог тайлах гэж байсан. Тэр үед над дээр Вадим Алексеевич Биязь багш ирсэн. Тэр үед л багш намайг өөр оронд оч гэдэг байлаа. Олон улсын тавцанд намайг хэн ч мэддэггүй байсан үе. Намайг авахыг хэн ч хүсэж байгаагүй. Орост амжилт гаргаад иртэл гадаад гарахад хэцүү болсон. Токио олимпын өмнө иргэншлээ солих талаар огт бодоогүй. Харин дасгалжуулагч бүгдийг эхнээс нь эцэс хүртэл хийж өгсөн. Бас л хэцүү байлаа. Эхлээд нэг орныг сонгосон ч тэнд нэг л хайхрамжгүй байлаа. Амласан зүйлээ ч биелүүлэхгүй. Харин Болгарт холбоо байсан болохоор бүтсэн хэрэг. Миний дүү Рамазан Рамазанов энд барилдаж байсан юм.
Тамирчид урвагч биш
-Братиславд ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили Албанид шилжсэн Чермен Валиев хоёрын хооронд маргаан гарсан. Мамиашвили зөв зүйл хийсэн гэж бодож байна уу?
-Чермен нас залуу хүний хувьд илүү юм хийлгүй, зөв алхам хийсэн. Түүнийг доромжилсон гэж сонссон. Миний бодлоор Михаил Геразиевич буруутай. Чермен бүх хууль дүрмийн дагуу явсан болохоос улс орноосоо зугтаагүй. Түүнд яагаад юм хэлэх гэж? Хэлэх хэрэгтэй байсан бол явахаас нь өмнө хэлэх ёстой байлаа. Валиев өөр орны паспорттой олимпын эрхээ авсан. Түүнд баяр хүргэх ёстой. Мамиашвили сэтгэлийн хөдөлгөөнөөр хандсан. Тэр Оросын бөхийн холбооны тэргүүн. Магадгүй Оросын шигшээ багийн бүтэлгүйтэл, Сидаковын гэмтэл нөлөөлсөн байх. Зарим жинд гадаадад гарсан бөхчүүд оросуудыг ялаад байсан нь уурыг нь хүргэсэн байж болно. Тэглээ гээд үүнээс том асуудал үүсгэх хэрэггүй.
-Иргэншлээ сольсон тамирчдыг урвагч гэж нэрлэж болох уу? Оросын нийгэм энэ асуудал дээр хоёр талцан, маргалдсан.
-Яг одоо л гарч байгаа явдал биш шүү дээ. Ялгаа байхгүй. Уран гулгалтаар Юүко Кавагүчи, шорт-трекийн Виктор Ан, Оросын хөлбөмбөгт олон гадаад легионер бий. Энэ бол спортын хөгжилд эерэг нөлөөтэй жирийн үзэгдэл. Би 30 нас хүрсэн хойноо иргэншлээ сольсон. Чөлөөт бөх маш их өрсөлдөөнтэй. 30 нас хүрсэн би шигшээ багт ямар ч асуудал болоогүй гэж бодож байна. Орост 30 хүрсэн бөх залуучуудад шахагдаад бараг зодог тайлдаг. Би юуны өмнө өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө гадаадад гарсан. Тэднийгээ тэжээж чаддаг байхын тулд шүү. Орост үлдсэн бол юу ч үгүй л байх байлаа. Тамирчид урвагч биш. Бүгд л мөнгө олохыг хүсдэг. Орост узбек, киргизүүд ирж байна уу, оросууд Турк, бусад оронд мөнгө олохоор явж байна уу, чухал биш. Хүмүүсийг үндэстэн ястан, улс орноор ялгах хэрэггүй.
-Зөвхөн мөнгө, санхүүгийн боломжийн төлөө амьдрах нь зөв үү? Үзэл бодол хэрэгтэй биз дээ?
-Ямар нэг үзэл бодол байх хэрэгтэй. Мөнгө олох, олох гэж хэллээ ч үүний тулд амжилт гаргах шаардлагатай. Спорт, шинжлэх ухаанд ч тэр. Спортыг аваад үзье. Энэ бол эрүүл мэнд. Энэ бол хар тамхи хэрэглэж, гэмт хэрэг хийж болохгүй гэсэн үг. Шинжлэх ухаанд хүмүүс өөр зүйл хийдэг. Илон Маск Америкт шинэ технологи гаргаж байгаа нь оросуудад ч сайн нөлөөтэй. Эсвэл iPhone? Үгүй бол одоо Орост олшроод байгаа хятад машинуудыг аваад үз л дээ. Би хүмүүсийг газар нутаг, үндэстэн ястнаар нь ангилах дургүй. Бурхан хүн төрөлхтөнд дэлхийг тэр чигээр нь өгсөн, хэн ч, хаана ч амьдарч болно. Нэг газарт таалагдахгүй бол шилжиж болно. Энэ нь чи эх орондоо хайргүй гэсэн үг биш. Зүгээр л тэнд боломж олоогүй л гэсэн үг. АНУ-д ч гэсэн цагтаа бүгд л нүүж очсон. Орост ч гэсэн маш олон үндэстэн бий.

-Ахмад тамирчин болсон хойноо энэ шийдвэрийг гаргасан. Айдас байв уу? Ямар ч тэмцээнд түрүүлэхгүй байх эрсдэл байсан шүү дээ.
-Үүнд ч эерэг, сайн тал бий. Спортоор амжилт олохгүй байсан ч өөр ертөнц надад нээгдэх байсан. Орос паспорттой хүнд одоо зарим оронд ажлаар очиход нь виз өгөхгүй байгаа. Харин өөр орны паспорттой байхад гадаад явж, гэр бүлээ тэжээхийн төлөө ажиллаж чадна. Би 25 жил барилдлаа. Эрүүл саруулаар сэтгээд үзье. Хэрэв Орост үлдсэн бол зодог тайлаад дасгалжуулагч болох л зам байлаа. Тэгвэл тийм хүн Орост шигшээ багт ч, орон нутагт ч тоолохын аргагүй олон. Дасгалжуулагч болж ч чадахгүй байх байлаа. Харин гадаадад болж чадна. Германд гэхэд бөхөөр хичээллэх хүсэлтэй маш олон орос залуу амьдардаг.
-Лос-Анжелесийн олимп хүртэл ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-2028 оны олимп гол зорилго. 35 хүртлээ барилдаад олимпод оролцоно, тэгээд түрүүлэх зорилго. Мэдээж олимпоос наана ч бусад тэмцээнд түрүүлэх.
-35 настайдаа чадах болов уу?
-Харж л байя. Хэрэв үнэхээр бие дийлэхгүй бол зодог тайлна. 35 нас хүрсэн ч хүч чадалтай хэвээр байсан ч зодог тайлна.
-Магомед Рамазанов эх оронч хүн үү?
-Гэр бүлийнхээ хувьд эх оронч. Хүн өөрчилж дийлэхгүй том зүйл бодож байхаар юуны түрүүнд гэр бүлээ бодох ёстой. Би ямар нэг улсын ерөнхийлөгч биш. Гэр бүлийнхээ төлөө чадах бүхнээ хийнэ. Хэрэв чадах бол бусдын төлөө ч сайн зүйл хийвэл баяртай байх болно. Гэхдээ өнөөдөр надад тийм боломж алга. Боломжтой улсууд нь бусдын төлөө ажиллаг. Тэд амин хувьдаа биш хүмүүсийн төлөө амьдралаа зориулаг.