UBLife Logo
Спорт

“Тоттенхэм”-ийн дасгалжуулагчаар Томас Фрэнк томилогдлоо

“Тоттенхэм”-ийн дасгалжуулагчаар Томас Фрэнк томилогдлоо

Английн “Тоттенхэм” клуб өнгөрсөн улирлыг Европа лигийн цомтойгоор үдсэн хэдий ч ахлах дасгалжуулагч Анж Постокоглоуг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тэд Премьер лигт 22 удаа хожигдож 17-р байраар, унах бүсийн чанх дээр бичигдэж өндөрлүүлсэн тул ийнхүү халагдахад нь нөлөөлсөн юм.

Харин түүний халааг “Брентфорд” клубийг 7 жил гаруй хугацаанд удирдсан Томас Фрэнк залгамжилна.

Өдгөө 51 настай Фрэнк хоёр дахь оролдлогоороо “Суонси Сити”-г 2:0-ээр буулган авч, “Брентфорд”-ыг Премьер лигт дэвшүүлсэн юм. Хэдийгээр тус клуб Премьер лигийн хамгийн бага цалинтай багуудын нэг байсан ч, эхний улиралдаа л 13-р байрт бичигдэж, “Челси”, “Арсенал” гэсэн томчуудыг хожиж түүхэн амжилтыг дархалсан.

Иван Тони, Дэвид Раяа, Брайан Мбеумо нар Фрэнкийн удирдлага дор супер од болтлоо өсөн дэвжсэн билээ.

“Брентфорд”-ынхон улирч буй улирлын эхний хагаст багтаж, түүхэндээ анх удаа Европын тэмцээний эрхэд нэн ойртлоо.

Харин “Тоттенхэм” багийнхан Европа лигийн финалд “Манчестер Юнайтед”-ийг хожиж 17 жилийн цом өргөх хүслээ биелүүлсэн. Тиймээс ирэх улирлын Аваргуудын лигт оролцох эрх тэдэнд бий.

Фрэнк Премьер лигийн 152 тоглолтод баг удирдахдаа 54 хожиж, 60 хожигдоод буй. Тэрбээр боломжит 456 онооноос 200 оноог авчээ.

Фрэнк 2021 оны 6-р сарын 30-наас хойш “Тоттенхэм”-ийн жолоог атгаж буй дөрөв дэх тогтмол дасгалжуулагч юм. Энэ зуурт Нуно Эспирито Санто 4 сар, Антонио Конте 16 сар, Постэкоглоу 2 жил “Спөрс”-ийг удирдсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.