Дэлхийн толгой баячуудын нэг Илон Маск, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар тангараг тасарсан талаар бид мэдээлсэн. Хоёр аваргын маргаан хэзээ ч дуусахгүй, хэн нь ч буулт хийхгүй мэт санагдаж байсан ч Илон Маск эвлэрлийн эхний алхмыг хийлээ.
Маск X хуудсандаа “Би өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Трампын талаар хэд хэдэн пост оруулсандаа харамсаж байна. Би арай хэтэрчээ” гэж бичсэн юм.
Тэрээр зургаадугаар сарын 5-нд бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шүүгдэн, шоронд амиа алдсан тэрбумтан Жеффри Эпштейнтэй Трамп холбоотой гэдэг материалыг дэлгэнэ гэж Трампыг сүрдүүлсэн пост оруулсан. Хоёр хоногийн дараа тэр постоо устгасан байлаа.

Энэ сарын 6-нд хоёр тал утсаар ярьж, эвлэрэх гэж байсан ч Маскийн Жеффри Эпштейны материалын сүрдүүлгээс болоод Трамп холбоогоо тасалсан. Гэхдээ Трамп Засгийн газрын гишүүдээ Маскийг аль болох шүүмжлэхгүй байхыг даалгасан хэвээр байлаа. Магадгүй Трампын энэхүү тайван байдал Маскийн толгойд нэгийг бодогдуулсан байх. 9-ний өдрөөс эхлэн тэрээр Ерөнхийлөгчтэй муудалцсан талаараа өөрийгөө буруутгасан мэдэгдэл хийж эхэлсэн юм. Тэр даруй Маск Трампын Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсомыг хариуцлага алдсандаа уучлал гуйх ёстой гэсэн мэдэгдлийг дэмжлээ.
Энэ бүхний дүнд өчигдөр /2025.06.11/ Ерөнхийлөгч Трамп Масктай эвлэрэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.
“Би огт гомдоогүй. Ийм явдал болсонд ихэд гайхаж байсан. Тэр агуу сайхан хуулийн эсрэг үг хэлсэн. Гэхдээ цаанаа тэр ийм үг хэлсэндээ харамсаж байгаа гэж бодож байна” Дональд Трамп
The Guardian сонинд бичсэнээр Маск ойрын үед Трамптай уулзаж, ялагдсанаа хүлээн зөвшөөрөх бололтой. Трамптай муудалцсанаасаа хойш Маск 90 тэрбум ам.доллар алдсан гэсэн мэдээ бий. Тэгэхээр Ерөнхийлөгчтэй үзэлцээд ямар ч утгагүй гэдгийг Маск ойлгосон. Бие даан БНН, АН-тай өрсөлдөх бодолтой байлаа ч Маскийн нэр хүнд АНУ-д өндөр биш, мөн Ардчилсан намынхан дотор ч түүнтэй нийлэх улс төрч цөөхөн байгаа юм.