Өнөө жилийн “Хүрээ цам” Даншиг наадмын тов наашилж, 6-р сарын 28, 29-ний өдрүүдээр Хүй 7 худагт явагдахаар зарлагдлаа.
1640 онд анхны шангаа татсан Даншиг наадам хэмээх уламжлалт баяр наадмыг 2015 оноос сэргээсэн нь энэ билээ.
Өнгөрсөн жилүүдийн Даншигаар бөхчүүдэд цол, чимэг олгосон нь тэднийг ирж өндөр оролцоход нөлөөлсөн.
Гэвч өнгөрсөн жил тавын даваа эхлэхийн өмнө цол олгохгүй хэмээн зарлахад, бөхчүүд ч барилдахгүй гэж гэдийсэн юм. Улмаар наадам сунжирч, зохион байгуулагчдын зүгээс “Уг Даншигт хамгийн сүүлчийн удаа цол олгоё” гэж шийдвэрлэсэн. Сүүлчийн удаа гэдэг буцахын эцэсгүй үг билээ.
Тиймээс энэ жилийн Даншигт цол өгөхгүй, тэгээд ч наадмын чанх өмнө болж байгаа учир улсын цолтнууд оролцох эсэхийг таахад тун чиг бэрх юм.
Уг нь Үндэсний Их баяр наадмын сорилго гэж нэрийдсэн, гэхдээ л халуун наранд хоёр өдөр шахцалдаж, цолгүй барилдаанд наадна гэхэд нэг л санаанд багтамгүй.
Архангай аймгийн Булган сумын харъяат улсын арслан Ренчинбямбын Пүрэвдагва 2015 онд түрүүлж Даншгийн арслан, 2016 онд түрүүлж Даншгийн аварга, 2017 онд түрүүлж Даншгийн даян аварга, 2018 онд түрүүлж Даншгийн дархан аварга цолыг хүртсэн билээ.
Харин 2019 онд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун, 2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын харцага Лхагваагийн Лха-Очир, 2023 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар, 2024 онд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Сүхбаатарын Сүхбат нар түрүүлж, Даншгийн арслан цолонд хүрээд буй.
Сонирхуулахад, эл наадамд цол олгодгоос үүдэн бөхчүүд найраа хийх нь илэрхий болсоны тод жишээ нь 2023 онд Даншигийн начин цолоо хураалгасан “Самъяа” хийдийн бөх Б.Галсайханы тохиолдол юм.
Өнгөрөн жил Даншгийн начин цолны болзол хангасан Завхан аймгийн Алдархаан сумын харьяат "Самъяа" хийдийн бөх, аймгийн начин Б.Галсайхантай гурвын даваанд барилдахаар сугалаа татсан улсын өсөх идэр начин Нурланы Мустафа талбайд гарч зодоглоогүй бол дөрвийн даваанд улсын начин Эрдэнэцогтын Ванданцэрэн худлаа барилдаж, тавын даваанд улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун барилдахгүйгээр тахим өгсөн тул наадмыг үл хүндэтгэсэн хэмээн үзэж Б.Галсайханг тус наадмаас хассан билээ.
Ямартаа ч өнөө жил Үндэсний бөхийн 256 хүчтэн, Буриад болон Өвөр Монгол тус бүр 64 бөх хүч сорино гэж квот тогтоосон.
