UBLife Logo
Спорт

Даруухан “орос муур”, дэлхийн шинэ од Тимур Арбузов

Даруухан “орос муур”, дэлхийн шинэ од Тимур Арбузов

Унгарын нийслэлд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-д ОХУ-ын багт алтан медалийг эрэгтэй 81 кг жингийн Тимур Арбузов авчирч өглөө. Энэ жинд оросууд 16 жил түрүүлээгүй байсан хар цувралыг зогсоожээ.

Финалд тэрээр Гүржийн Тато Григалашвилиг ялсан. 2024 оны ДАШТ-ий финалд ялагдсаныхаа хариуг авсан билээ. Тэр үед Тимур дөнгөж 20 настай, финалд гарсан нь том амжилт гэж шинжээчид үзэж байсан ч Тимур өөрөө сэтгэлээр тун унаж, “Мөнгөн медаль хэнд ч хэрэггүй. Зөвхөн аварга л гэж байдаг” гэж хэлж байлаа.

Энэ удаад Тимур финал хүртлээ өрсөлдөгч нартаа нэг ч оноо алдаагүй, хоёр цэвэр ялалттай гарч ирсэн юм. Татод 2024 оны дАШТ-д ялагдсан ч энэ жилийн Европын АШТ-д ялчихсан, барилдааны харьцаа 1:1.

Гурав дахь барилдаанд тулаан овертайм (golden score) хүртэл үргэлжилсэн. Өмнөх барилдаанд хөмсгөө задалсан Тато хоёр ч удаа эмчийн тусламж авлаа.

“Энэ завсарлага надад 100 хувь тус болсон. Би цуцаж эхэлсэн байлаа. Харин Тато эмчийн тусламж гээд 30 секунд яваад ирэхэд би амарчихсан, ядаргаа арилчихсан байлаа. Дахиад 2-3 довтолгоо хийх цэнэгтэй болчихсон байсан. Ямар мэх хийснээ санахгүй байгаа ч зөнгөөрөө хөдлөөд ялсан. Яг тийм мэх хийнэ гэсэн төлөвлөгөө байгаагүй” гэж тэр дараа нь ярьсан.

Хоёр бөх хоёулаа торгуулсан ч Арбузов ээлжит иппон ялалтаа авч, дэлхийд тэргүүлсэн.

“Дэлхийн аварга боллоо гэсэн том мэдрэмж төрөхгүй байгаа ч ямар ч гэсэн аз жаргалтай байна. Хоёр жил дараалаад финалд ялагдахыг хүсээгүй. Бүтэн жил алтан медаль мөрөөдлөө. Дасгалжуулагч нарынхаа хэлснийг биелүүлж, бэртэлтэй байсан ч бэлтгэлээ хийсээр байлаа. Хэзээ нэгэн цагт энэ хөлс амжилт авчирна гэж итгэсээр байсан. Өнөөдөр намайг аав, ээж,  дасгалжуулагч багш Жамболет Нагучев нар дэмжихээр ирсэн. Нагучев багш маань хэдийн дэлхийн аварга шавьтай байх ёстой хүн. Би түүний анхны дэлхийн аварга шавь. Мэдээж сүүлийнх нь биш. Багш маань бүх амьдралаа жүдод зориулсан, энэ алтан медалийн эзэн байх гавьяатай” Тимур Арбузов

Тимур Арбузовоос өмнө энэ жинд 2009 онд Оросоос Иван Нифонтов түрүүлж байсан бөгөөд ДАШТ-ий түүхэнд оросууд ердөө 3 тэргүүлж байсан жин. Энэ хоёроос гадна 1975 онд Владимир Невзоров түрүүлж байжээ.

Арбузов спортын гэр бүлд төрж, өссөн. Тэднийх дөрвөн хүүхэдтэй, бүгд самбо, жүдогийн тамирчин. Аав Денис нь самбо бөхийн спортын мастер цолтой. Хүүгээ тэр маш уян хатан, ямар ч хүнд байдлаас гарч чаддаг, хийсэн мэхээ үнэлгээ болгох авьяастай гэж үнэлдэг.

“Аав болгон л ийм хүүтэй байхыг хүсдэг байх. Тимур маш дуулгавартай, хэзээ ч асуудал гаргаж байгаагүй. Уян хатан гэж гайхалтай. Жүдогийн ертөнцөд түүнийг “Хүн – муур” гэж нэрлэдэг. Ямар ч хүн унах байдалд хөл дээрээ тогтоод сөрөг мэх хийж байдаг хүүхэд” Денис Арбузов

Тимур ялагдсаныхаа дараа байнга уйлдаг, үүндээ ч ичдэггүй. Тулааны спортын тамирчин гэхэд хачирхалтай байгаа биз.

“Би ер нь их уйлдаг хүн. Тэмцээнд ялагдсаны дараа бол бараг үргэлж уйлна. Энэ үеэ давж гарч огт чадахгүй байна. Ялагдаад уйлаагүй ганцхан тохиолдол байгаа нь 2024 оны Токиогийн Их Дуулга тэмцээн. Сэтгэлээр унаад гунигласан ч нэг ч нулимс дусгаагүй. Өмнө нь жижиг тэмцээн байсан ч уйлдаг байлаа. Яагаад ч юм уйлсны дараа сэтгэл гайгүй болдог. Ялагдчихаад аавтай утсаар ярьж байхдаа нулимс унагаад эхлэхэд аав “Чи юундаа гоншигноод байгаа юм бэ? Энэ олон жил барилдчихаад уйлдаг хэвээр л байх юм” гэж загнуулах үе бий” гэж ярьж байв.

Сэтгэлийн хөдөлгөөн, ур чадвраас гадна Тимур Арбузов жүдо бөхөөс олон сайн чанар олж авжээ.

“Тамирчин хүн даруу, төлөв байх ёстой. Хэт сагсуу хүмүүст би дургүй. Би жүдо бөхөөс ажилсаг хөдөлмөрч, сахилга баттай байхыг сурсан. Энэ чанарууд байгаагүй бол би бусдын адил ажил хийгээд явж байх байлаа. Сэтгэлийн хөдөлгөөнөөс гадна би хоолны дэглэм барьж сурсан. Цаашдаа улам их ажиллаж, дэлхийн олон удаагийн аварга болмоор байна. Бүх юм дөнгөж эхэлж байна. Гэртээ хариад хэсэг амраад дахин бэлтгэлдээ орно. Одоо өрсөлдөгч нар маань намайг онилдог, судалдаг болсон болохоор илүү их ажиллах шаардлагатай. Дэлхийн аваргын алтан медаль намайг өөрчлөөгүй, цаашдаа ч өөрчлөхгүй гэж найдаж байна. Онгирч, хөөрч болохгүй. Би хэн нэгнээс хүчтэй гэж бодохыг би хүсэхгүй. Өнөөдөр би дэлхийн аварга ч маргааш огт өөр шинэ өдөр эхэлнэ” Тимур Арбузов

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.