Мягмар гарагт Калифорниа мужийн Пасадена хотын “Роуз Боул” цэнгэлдэхэд явагдсан тоглолт шуугиантай үр дүнгээр өндөрлөсөн.
Клубүүдийн ДАШТ-ийн “Е” хэсэгт хуваарилагдсан Италийн “Интер”, Мексикийн “Монтеррей” багуудын тоглолтыг тэнцэнэ гэж хэн санах билээ.
Өдгөө 39 настай хамгаалагч Серхио Рамос 25 дахь минутад гоолын салхийг хагалснаар “Монтеррей” тоглолтыг манлайлж эхэлсэн.
Гэвч Европын Аваргуудын лигийн тэмцээнд сүүлийн гурван жилд хоёр удаа финалдсан “Интер”-ээс 42 дахь минутад Лаутаро Мартинес тэнцээний гоолыг дархалсан юм.
Хойд болог Төв Америк, Карибын тэнгисийн бүс нутаг дахь Аваргуудын лигийн тэмцээнд тавантаа түрүүлсэн “Монтеррей”-гээс Рамос энэ тоглолтын шилдгээр шилдгээр нэрлэгдсэн.
Энэ хэсгийн нөгөө тоглолтод “Ривер Плейт” багийнхан 3:1-ээр “Урава Ред Даймондс”-ийг хожлоо.
Бямба гарагт “Интер”, Японы “Урава”-тай, харин “Монтеррей”, Аргентиний “Ривер Плейт”-тэй тоглоно.
Сонирхолтой нь, Рамос 39 нас, 2 сар, 18 хоногтойдоо уг гоолыг оруулснаар клубүүдийн ДАШТ-д гоолдсон хамгийн ахимаг тамирчин боллоо.
Түүнээс өмнө Хавьер Занетти, Николас Отаменди, Анхел Ди Мария нар 37 настайдаа энэ тэмцээнд гоолдож байсан юм.
Түүнчлэн “Монтеррей” багийнхан клубүүдийн ДАШТ-д хийсэн 13 тоглолтынхоо 12-т нь гоолдоод байна.
