Их аварга Хакүхо сүмо ертөнцөөс гарсан явдал олны анхаарлын төвд хэвээр байна. Энэ талаар Японы PRIME сэтгүүлд бичжээ.

Хакүхог гаргасан Сүмо холбооны ганц хүний дарангуйлал
Ашгийн төлөө олон нийтийн байгууллага болох Сүмо бөхийн холбоог тойрсон шүүмжлэл тасрахгүй үргэлжилсээр байна. Гол шалтгаан нь энэ сарын 9-нд холбооноос гарсан ёкозүна асан Хакүхогийн хэвлэлийн хурал. Сүмо ертөнцийн бэлгэ тэмдэг болсон хүндэт эрхэм Сүмо холбоог орхино гэдэг байж болшгүй явдал. Хакүхо сүмогоос гарсан нь холбооны ерөнхийлөгч Хаккакү оякатагийн үүсгэсэн нэг хүний дарангуйлал тогтсоныг харууллаа.
Тэтгэврийн насыг нэмнэ
Хакккаү ояката бол Сүмо бөхийн холбоог 10 жил удирдаж, бүх эрх мэдлийг атгаж байгаа хүн. Тэрээр 2015 оны 12 дугаар сард энэ албан тушаалд очиж байлаа.
Тэр үед холбооны тэргүүн байсан Китаноүми гэнэт нас барсан. Уг нь холбооны дараагийн тэргүүнээр их аварга асан Таканохана сонгогдоно гэж яригдаж байсан ч Китаноүми тэргүүн нас барснаар байдал огцом өөрчлөгдсөн юм. Энэ явдлаас дөнгөж ганц сарын дараа тэргүүний үүрэг гүйцэтгэгч Хакккаү ояката тэргүүний ажилд албан ёсоор орсон түүхтэй.

Дараа нь Таканоивагийн хэрэг мандаж, Таканоивагийн багш, тэр үед Холбооны тойргийн барилдаан хариуцсан захирал байсан Таканохана тун их шүүмжлэлд өртсөн билээ. Ингээд Таканохана 2018 онд холбоог орхин одсон.
Ингээд 2025 оны зургаадугаар сарын 9-нд Хакүхо буюу Миягино ояката хэвлэлийн бага хурал хийлгэж, албан ёсоор холбооноос гарч байгаагаа мэдэгдлээ. 2024 онд түүний шавь Хокүсэйхо хэрэг үйлдэж, дэвжээгээ хаалгаад байлаа. Бүтэн жил өнгөрсөн ч дэвжээг нь дахин нээх талаар хэлэлцэхгүй байсан тул Хакүхо ийнхүү сүмо ертөнцөөс гарч одсон.

Энэ талаар нэгэн спортын сэтгүүлч “Холбооны таалалд нийцээгүй Хакүхог зайлуулахын тулд оноосон шийтгэл гэж хүмүүс ярьж байлаа. Хакүхог гаргаснаар Хакккаү оякатагийн засаглал улам хүчтэй болсон гэж хэлэхэд болно. Энэ засаглалаа улам бэхжүүлэхийн тулд тэд ояката нарын тэтгэвэрт гарах насыг 65-аас 70 болгож, нэмэгдүүлэх гэж байна. Дээр нь ояката лицензтэй бол 75 нас хүртлээ холбоонд ажиллах боломжтой болгохоор ярилцаж байгаа нь хачирхалтай. Өөрийн талын хөгшчүүлийг байлгаад байх санаархалтай нь илт” гэж ярьж байна.
Хакүхогийн ёс зүйтэй салалт
Японы цахим ертөнцөд Хакккаү тэргүүн болон Сүмо бөхийн холбоог хатуу ширүүн шүүмжилж байна.
-Хаккакү тэргүүн болсноос хойш Сүмогийн ертөнцөд маш олон хэрэг гарсан ч тэр яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ?
-Шүүмжилсэн хүнийг гаргаад явуулчихдаг холбоо. Юу ч өөрчлөгдөөгүй хэвээр.
-Ийм хөгшчүүл удирдаж байхад яаж ч хөгжих билээ?
Энэ их шүүмжлэл дунд холбоо хөгширлөө гэсэн үг онцгой их байгаа юм.
Нөгөө талаас холбооноос гарсан Хакүхогийн талаар “Хакүхо харин ч насанд хүрсэн хүний хувьд ёс зүйтэй хурал хийлээ. Бузар булиаг нь хэлж болох байсан ч тэгсэнгүй” гэж магтжээ.
Дээр дурдсан спортын сэтгүүлч “Хакүхо холбоонд сэтгэл таарамжгүй, зөрчилтэй зүйл олон байсан ч олон нийтийн өмнө юу ч хэлээгүй, яриагүй. Тэр буруутай, ийм шалтгаантай гэх мэтээр гомдол гаргалгүй, зүгээр л өөрөө гараад явчихсан нь ёс зүйтэй үйлдэл байлаа. Хэрэв дотоод сэтгэлээ гаргаад, сэтгэл хөдлөлөөр хандсан бол түүнд дайсан нэмэгдэх байсан нь гарцаагүй. Цаашдын үйл явдал, түүний зорилгыг харахад ояката багшийн замналаа ингээд чимээгүйхэн дуусгах нь зөв сонголт байсан” гэж ярилаа.

Ирэх жил Сүмо холбооны ерөнхийлөгчийн сонгуультай. Хаккакүтай өрсөлдөх хүн одоогоор харагдахгүй байна. Цагтаа холбооны тэргүүн болно гэгдэж байсан их аварга Таканохана, Хакүхо нар хэдийн сүмо бөхөө орхин оджээ. Хаккакүгийн эрхэнд орсон Сүмо холбоог ямар ирээдүй хүлээж байна вэ?