Хүүхэд хараад аймаар том шүдтэй, үрчгэр, арзгар ч хүн болгон тэврээд салдаггүй хүүхэлдэй бий. Ингээд дэлхий даяар хүүхэд, томчуудад ч хайрлагдсан царай муу хүүхэлдэйнүүдийг эргэн нэг санацгаая.
Лабубу (Labubu)

Энэ нэрийг эзгүй цөлд хэдэн сар байж байгаад ирсэн хүнээс бусад нь мэдэх байх. Лабубу бол мангас хүүхэлдэй. Аймшигтай ч нөгөө талаас өхөөрдөм. Зөөлөн арьс, хурц чих, шүд, инээмсэглэлээр нь таньж болно. Хонконгийн иллюстратор Касинг Лунг Сканидинавын эртний үлгэр, домгоос сэдэвлэн бүтээжээ. 2019 оноос эхлэн цувралаар хийсэн нь хүүхэлдэй цуглуулагчдын анхаарлыг гойд татжээ. BlackPink хамтлагийн дуучин Лисагийн видео бичлэг гарсны дараа борлуулалт нь маш их өссөн. 2023-2024 онд дэлхий даяар бүүм болж, Миланы Загварын 7 хоногт оролцсон бренд.

Хаги Ваги (Huggy Wuggy)

Энэ цэнхэр мангас бол “Poppy Playtime” аймшгийн тоглоомоос гарч ирсэн юм. Тоглоомд тэр хаягдсан тоглоомын үйлдвэрт тоглогчдыг хөөж, элддэг билээ. Хүүхдийн загвар, аймшигтай араншин нь Хаги-Вагиг алдартай болгосон юм. TikTok, YouTube сувгуудад гарснаар тэр цахим мем болон хувирчээ. Хэдий аймшигтай ч маш хөөрхөн бэлэг дурсгал болж байлаа. Хүүхдүүд түүнийг хорон санаат гэхээсээ илүү сахилгагүй мангас гэж хүлээж авдаг.

Monster High

Mattel компаниас 2010 онд гаргасан цуврал. Бүх хүүхэлдэй нь Дракула, Франкенштейн зэрэг баатрын охид. Тэд бүгд сургуульд сурч, нөхөрлөж, маргалдаж, сорви, соёо гэх мэт өөрийн гэсэн хурц стильтэй. Хүн болгон ижилхэн байх албагүй гэсэн цаад санаа нь охидод их таалагдаж байв. Ялангуяа Барби хүүхэлдэй шиг гоо сайхны нэг стандартад багтаагүй нь гоё санагджээ. Энэ хүүхэлдэйнүүд гол баатар нь болсон хүүхэлдэйн кино гарснаар улам алдаршсан.

Өнгөт үстэй тролли

Асар том нүд, дугуй хамар, өнгө өнгийн үстэй тролли нарыг Данийн мужаан Дам 1950-иад онд Скандинавын домгоос сэдэвлэн бүтээсэн байна. Dam Things компани үйлдвэрлэлийг нь хариуцсан. 1960 онд моодонд орж, 1990-өөд онд дахин сэргэсэн. Инээдтэй хөөрхөн байдал, өвөрмөц төрхөөр нь бүгд хайрласан. Видео тоглоом гарч байжээ.

Фуглер (Fugglers)

Энэ бол Funny Ugly Monsters үгний товчлол. Мурий шүд, хачирхалтай царайтай мангасууд. Шүд нь яг хүний шүд шиг байсан нь илүү аймшигтай болгож байлаа.
Living Dead Dolls

Цайвар царай, үхсэн мэт нүд, оёдлын мөр, цус, хувцас гээд үнэхээр аймаар хүүхэлдэй. Уран зураач Эд Лонг, Дэмьен Глейк хоёр 1990 оны сүүлээр аймшгийн киноноос санаа авч, хийжээ. Хүүхэлдэй болгон өөрийн эмгэнэлт түүхтэй. Аймшгийн кино үзэх дуртай хүмүүс худалдан авч байлаа.
Feisty Pets

Анх харахад гэмгүй амьтан мэт боловч толгойг нь дарахад соёо, шүд нь ил гарч, аймшиг төрүүлнэ. Америкийн William Mark компани гаргасан бөгөөд олон нийтийн сүлжээнд хамгийн их алдаршсан. Хэн нэгнээр нь доог тохуу хийхдээ ашигладаг тоглоом болсон. Feisty Pets хүн болгоны дотор байдаг “араатан”-ы бэлгэ тэмдэг болжээ.
