UBLife Logo
Спорт

Ublife-ийн түүхүүд: Тэд яагаад сагсан бөмбөг сонирхдог болсон тухай

Ublife-ийн түүхүүд: Тэд яагаад сагсан бөмбөг сонирхдог болсон тухай

Спортын дэмжигч байх нь зугаатай ажил шиг зарим хүнд төсөөлөгддөг байх. Гэхдээ үнэнч дэмжигч байх нь ямар үед хэцүү, ямар үед сайхан болохыг өөрийн зүрх, сэтгэлээр ганц удаа ч гэсэн мэдэрч үзсэн бол та ийм хөнгөн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй л болов уу. Тууштай, үнэнч дэмжигч байна гэдэг нухацтай үйл хэрэг билээ.

Энэ удаа бид сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн тоглолтуудыг тогтмол үзэж, хайртай багийнхнаа цаг үргэлж үнэнчээр эрчлэн дэмждэг, бас үүнийг амьдралынхаа салшгүй үнэт зүйл болгосон эрхмүүдийг онцолж байна.


Э.Энхтуяа | “BCH Knights” багийн тоглогч Б.Ган-Эрдэнийн ээж

Би ч, Ганаагийн аав ч арван жилд байхдаа сургуулийнхаа шигшээ багуудад тоглодог байлаа. Иймд сагсан бөмбөгийг сонирхох болсон маань тэр үеэс эхлэлтэй байж таарна.

Манай хүү сургуульд ороод удаагүй байхдаа эгчийнхээ хамтаар Спортын Төв ордон руу очиж, Дээд лигийн тоглолтуудыг үздэг байсан. Хүүхдэд суудал олдохгүй болохоор бараг л заалны шалан дээр суучхаад л тоглолтоо харна. Миний хувьд ч гэсэн тэр үеэс л (2010 оноос) анхлан дотоодын лигийн тоглолтуудыг үзэх болсон.

Хүүгээ Дээд лигийн тамирчин болсноос хойш тоглолтыг нь алгасахгүй харж байгаа. Ер нь бүх тоглолтыг нь л тоглогчдоос ч дутахааргүй догдолж үздэг. Хожиход нь баярлаад нулимс дусаах үе ч олонтоо байлаа. Хожигдоод ирэхэд нь харамсах, зүрхээ өвтгөх тохиолдол ч өчнөөн байсан. Гэвч баг, тамирчид хожсоноосоо суралцаж, хожигдсоноосоо бүүр ч илүүтэй сургамж авдаг.

Ганаа маань хүүхэд байхдаа хожигдчихоод их бухимддаг байв. Хүүхэд л юм хойно хожигдохоороо уйлна. Тэр бүрийд л “Миний хүү нэгэнт л тамирчин болохоор шийдсэн юм чинь хожигдож сурах хэрэгтэй. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхөд суралцах ёстой. Ямар ч хүн алдаанаасаа суралцаж байж л илүү өндөрлөгт хүрдэг” гэж хэлдэг байсан юм. Одоо хараад байх нь ээ хүү маань соёлтой хожигдож сурсан гэж боддог.

Баг нь хожигдчихоор ямар сэтгэл зүйтэй гэртээ ирэх бол гэж түгшиж, эмээнэ шүү дээ. Харин хүү маань ямар ч үед маш тайван сэтгэл зүйтэй ирдэг. “Өө, яах вэ. Дараагийн удаа алдаагаа давтахгүй байхад анхаарна аа” гэх байдлаар уужуу яриа хөөрөөтэй гэртээ ирэхэд миний сэтгэл ч тайвшраад, сайхан болчихдог юм.

Спорттой нөхөрлөснөөр аливаад тууштай зүтгэх, тэсвэр хатуужилтай байхад суралцдаг гэж боддог. Спортоор хичээллэсэн хүүхэд бие бялдрын хувьд эрүүл чийрэг, хөдөлгөөн нь хурдан шаламгай, шийдвэр гаргах байдал нь ахисан түвшнийх болчихсон байгаа ажиглагддаг юм. Багийн спортын тухайд, хүүхдийг бусад хүмүүстэй нийцтэй харилцах чадвар, ялгаатай байдлыг ойлгох, зохистой нөхөрлөхөд сургадаг.

-Өдгөө та ямар баг дэмждэг вэ?

-Анх би “Хасын Хүлэгүүд”-ийн дэмжигч байлаа шүү дээ. Харин одоо хүүгийнхээ багийг л дэмжилгүй яах вэ /инээв/. Өмнө нь тоглолт үзэхдээ сониуч нүдээр хардаг байсан бол хүүгээ тоглох болсноос хойш хамт тоглохоос наахнуур л сэтгэл зүйн хувьд тоглогчидтой нэг түвшинд үздэг болоод байна.

-Хүү тань багаа солих үед хуучин багийг нь үргэлжлүүлэн дэмждэг үү?

-Хуучин багуудад нь адилхан санаа зовинож, өөриймсөг ханддаг. Хүүтэй маань багаасаа хамт тоглосон найз нөхдийг нь хүртэл дэмжих нь бий. Гэхдээ “BCH Knights” багийн тоглолтыг өмнө нь олон удаа үзсэн болохоор хурдан хугацаанд шилжсэн. Хүүгээ гэртээ ирэхээр нь хааяа хааяахан тоглолт хамт үзэж, сагсан бөмбөгийн тухай ярилцаад амждаг.

-Хүү тань сагсан бөмбөгөөр дагнан хичээллэхээр шийдэхэд эргэлзэх үе тулгарсан уу?

-Хүүдээ хандан “Сагсан бөмбөг тоглоно гэдэг чиний сонирхол учраас хоёрдугаарт байх учиртай. Нэгдүгээрт, хоолоо олж идэх бололцоотой үндсэн мэргэжил чинь байх ёстой” гэж хэлэхэд “Намайг сургууль төгсөх үед сагсан бөмбөгөөр дагнан тоглоод хоолоо олж идэх бололцоотой цаг ирнэ ээ” хэмээн хариулж байлаа. Манай хүү энэ үгэндээ итгэлтэй ч байсан. Миний хувьд, 2020 онд 17 хүртэлх насныхны ур чадварын дэлхийн аварга болоход нь л хүүгийнхээ хэлсэнд эгнэгт итгэсэн юм. Хүүгээ дэлхийн аварга болсон тухай мэдээг сонсохдоо хүн өөрийн дуртай, сонирхолтой ажлаараа тууштай зүтгэх юм бол мундаг болчихдог юм байна гэдгийг мэдэрч, маш их баярлаад л, нүдэндээ нулимстай хүлээж авсан.

-Хүү тань анхны цалингаараа таныг баярлуулахаар ирэхэд ямар мэдрэмж төрж байв?

-Маш их баярлалгүй яах вэ. Миний хүү зорьсондоо хүрч чадаж байна л гэж бодоод их ч бахархсан. Хүүгийнхээ ирээдүйг НБА, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, тэмцэлдсэн дэлхийд данстай мундаг тамирчин болно гэдгээр л төсөөлж байгаа шүү дээ.

-Дээд лигийн багаас анх санал хүлээж авчхаад хамгийн түрүүнд танд хэлсэн байдаг. Тэгэхэд хүүгээ Дээд лигт тоглоход бэлэн гэдэгт хэр итгэлтэй байсан бэ?

-Дээд лигт тоглоход бэлэн болчихсон л гэж бодсон. Мэргэжлийн хэмжээнд тоглох ямар байдгийг биеэрээ мэдэрчихвэл онхи ондоо болно доо гэж санаад Дээд лигийн багт тоглох санал ирэхэд нь бараг л хүүгээсээ ч илүү догдолж, зөвшөөрч байсан. Хүү маань асуудал шийдэх бүрийдээ надаас асуудаг. Миний зүгээс эхлээд саналаа хэлнэ, эцсийн шийдвэрийг чи гаргах учир өөрөө ч бас тал талаас нь сайтар эргэцүүлж, бод гэж хэлдэг юм. Багш чинь надаас ч чухал зөвлөгөөг хэлэх тул багштайгаа сайтар ярилц гэж хэлдэг байсан. Хүүг маань сагсан бөмбөгт дуртай болоход нөлөөлсөн Ганзориг, Лхагваа, Т.Тулга багш нарт маш их баярлаж явдаг. Миний хүү сагсан бөмбөгөөр тууштай хичээллэж, өдий зэрэгтээ амжилт гаргаж байгаа нь яах ч аргагүй эдгээр хүмүүстэй салшгүй холбоотой. 

-Сагсан бөмбөгөөр тууштай хичээллэж байгаа хүүхэд болгон л НБА-д тоглохыг мөрөөддөг болов уу. Та хүүтэйгээ мөрөөдлийнх нь талаар ярилцдаг уу?

-Миний хүү багаасаа л НБА-д тоглох юм сан гэж мөрөөдөж ирсэн. Миний зүгээс “Хүн мөрөөдөлтэй байж, түүнийхээ төлөө тууштай зүтгэвэл нэг л өдөр хүрдэг” гэж хэлдэг. Хүүдээ итгэдэг учраас энэ мөрөөдөл нь удахгүй биелнэ гэдэгт итгэж явдаг юм.


Г.Алтанзул | “Хасын Хүлэгүүд” багийн дэмжигч

Би арван жилд байхаасаа л сагсан бөмбөг сонирхож тоглодог байсан. 2014 онд “Хасын Хүлэгүүд” баг 10 жилийнхээ ойгоор Дээд лигт түрүүлэхэд тэрхүү финалын тоглолтыг найзынхаа хамтаар үзэж таарсан юм. Тухайн тоглолтыг үзэхэд сэтгэл юугаар ч юм дүүрчих шиг. Нэг л сайхан санагдсан. Монголд ч гэсэн үнэхээр сэтгэл баясгахаар тоглодог тамирчид байдаг юм байна гэж анх мэдсэн л дээ, тэгэхэд.  

Ингэж л ажил, амьдралынхаа хажуугаар Дээд лигийн тэмцээнийг тогтмол үзэх болсон юм. Гэвч Спортын Төв ордонд зорьж очоод үзье гэхэд тухгүй, тасалбар авахын тулд гадаа нь оочирлодог байлаа л даа. Ийм нөхцөлд сэтгэл зүрхээ бүрэн зориулж чадахгүй байсан. Гадагшаа яваад ирэх тэр хэдхэн жилийн дотор буюу 2022 оноос Монголын сагсан бөмбөгт хувьсгал өрнөсөн юм шиг надад санагддаг. Орчин үеийн стандарт бүхий арена баригдсанаар сагсан бөмбөгт дуртай хэр нь ээ, төдийлөн ач холбогдолтой хандахаа больж, тоглолтыг дэргэдээс нь харах сонирхолгүй болчхоод байсан зарим хүмүүсийг багаа ахин хүчтэй дэмжихэд нь нөлөөлсөн.   

Хоёрдугаарт, “Хүлэгүүд” 2022 оноос бүрэлдэхүүндээ шинэчлэлийг эхлүүлэн, олонд танигдаж амжаагүй залуу тамирчдыг идэвхийлэн авчирсан. Багийнхаа дархлагдсан тоглогчдыг сэлгээнд суулгаж, харин туршлага, ур чадварын хувьд бүрэн боловсорч амжаагүй байгаа залуучуудыг талбайд тоглуулах болсон нь эхэндээ ойлгоход төвөгтэй үйл явц байсан л даа. Тухайн үед багийн бусад дэмжигчид ч гэсэн үүнд гайхширч байлаа. Харин багийн удирдлагууд болон дасгалжуулагчид маань өөрчлөлт, шинэчлэлтийг зоригтой, тууштай өрнүүлсэн нь өнөө жил Зүүн Азийн Аваргуудын лигт түрүүлж, Азийн Аваргуудын лигээс хүрэл медаль хүртсэн түүхэн амжилтын эх үндэс болсон гэж хардаг. 

Миний хувьд, Б.Барсболдын улаан дэмжигч. Барсааг Оюутны лигээс тодорч “Хүлэгүүд”-д анх нэгдсэн тэр үеэс хойш мэдэх юм. Тоглолтыг нь хараад л Барсаа бол Монголын шигшээ багийн ирээдүйн холбогч юм байна гэж итгэсэн. Гэмтэл бэртлээс л хол байгаасай гэж хүсдэг дээ. 

Манай багийн тоглолт болгон сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй байдаг. Хэдийгээр би “Хүлэгүүд”-ийн дэмжигч ч гэсэн энэ улирлын Үндэсний Дээд лигийн финалд “Металл” багийг хожсоны дараа гунигтай мэдрэмжтэй хоцорсон. Металл ямар гайхалтай эргэн ирэлт хийлээ дээ, “Металл”-ийг хүндэтгэх, энэрэх сэтгэл яагаад ч юм байгаад байсан болохоор энэ тоглолт одоо ч ой дуртгалаас маань гарахгүй байна.

Би маш завгүй ажилладаг. Ажлаасаа болж бухимдах тохиолдол бишгүй л бий. Харин сагсан бөмбөгийн тоглолт үзэж, багийнхаа амжилтын сайн, сайхнаас хуваалцсанаар бухимдал, бүтэлгүйтэл бүхнээ мартаж чаддаг. Бас ажлаа урам зоригтой хийх, амьдрах эрч хүчээ сэлбэдэг юм. Багийнхаа тоглолтын хуваарьт зориулж ажлаа ямар нарийн төлөвлөх хэрэгтэй болдог гэж санана аа. Түрхэн зуур ч атугай ажлаасаа холдож, сэтгэл санаагаа цэгцлэхийг хүсдэг учраас аль болох л тоглолт алгасахгүй үзэхийг хичээдэг. Баг маань хожчих юм бол бараг л ниснэ шүү дээ.


Л.Пүрэвдулам | “Бишрэлт Металл” багийн дэмжигч

Анх 2006 оны хавар бага эрэгтэй дүүгээ дагаж Спортын төв ордонд очсон юм. Сагсан бөмбөгийн Дээд лигийн тоглолтуудыг тогтмол үзэх болсон маань тэр үеэс эхлэлтэй. Дүүгийн маань дуртай тоглогч нь Г.Баттөр харин миний хувьд Ц.Мэргэн, Г.Ихбаяр нарыг дэмжих учир тэгэхэд “Харцага” багийн тоглолтыг л голчлон хардаг байлаа.

Ингэж 2013 оныг хүртэлх хугацаанд тасралтгүй Спортын төв ордон рүү очиж, Дээд лигийн тоглолтуудыг үзсэн. Гэхдээ бас хэсэг зуур дотоодын лигийн тэмцээнийг зорьж сонирхохоо больсон юм. Ажил, амьдралын завдал ч гараагүй байх. 2021 оны өвөл өнөөх дүүгийнхээ хамт зурагтаар Дээд лигийн тоглолт үзэж байхдаа “Тэнүүн-Өлзий Металл” багийг анх мэдэж авсан.

Тэр өдрийг тод санаж байна. “Эрдэнэтийн Уурхайчид”, “Тэнүүн-Өлзий Металл” багууд хоорондоо тоглож байсан юм л даа, тэгэхэд. Д.Дэлгэрнямын хичээл зүтгэл төдийгүй багийнхнаа болон өрсөлдөгчөө хүндэлж буй байдал нь хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Үүнээс улбаалж л энэ тоглогч, “Металл” багийг эгнэгт дэмжихээр шийдсэн юм.

Би 2021 оноос хойших Дээд лигийн тоглолтуудыг тасралтгүй дэргэдээс нь үзэж байгаа. Найзуудыгаа ч мөн хань татсаар өдгөө цөөнгүй найз маань “Бишрэлт Металл” багийн үнэнч хөгжөөн дэмжигч болсон байна.

Энэ багийн тоглогчид төлөв даруу хэр нь ээ шаргуу хөдөлмөрлөдөг нь миний тууштай дэмжих хамгийн чухал шалтгаан байдаг. Харин ой дурдатгалд маань тод үлдсэн тоглолтын тухайд, “Уурхайчид”-д 4:0-ээр ялагдсан цуврал юм. Багийнхаа тоглогчдын өмнөөс харамсахдаа багагүй гунигласан.

Д.Дэлгэрнямыг дэмжих болсноос хойш сагсан бөмбөгийн 3х3 төрлийг шимтэж харахаас гадна Монголын багуудаа ч эрчимтэй дэмжиж байна. Бусад хүмүүсийг ч гэсэн спортын тэмцээн үзэж, уур амьсгалынх нь амьд халууныг мэдрэхийн сацуу өөрөө ч мөн спортоор хичээллэх урам зоригтой болоосой гэж хүсдэг.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.