Хөлбөмбөгийн клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хөгжөөн дэмжигчийн хувьд Бразилынхаа дөрвөн ("Фламенго", "Флуминенсе", "Ботафого", "Палмейрас") багийнхаа "захыг нь мушгиж" байгаа.
Гэхдээ мэдээж #1 баг минь "Фламенго". Дээдлэн биширдэг цуут "Цагаан Пеле" хэмээгдсэн Артур Антунес Коймбра ЗИКО-гоо энэ багт гялалзаж байсан 1981 оноос хойш "Rubro-Negros" (Улаан ба харууд), "Mengao" (Том Менго) хэмээн алдаршсан "Фламенго" багийнхаа фэн болсон доо.
Европын ямар ч том лигийн ямар ч алдартай баг тэр цагаас хойш "улаан-хар"-д эзлэгдсэн сэтгэлийг минь илүүтэй татаж чадалгүй 44 жил болжээ. "Фламенго"-ийнхоо жерсиг өмсөөд хааяа хөлбөмбөг тоглохдоо очиход одоогийн ихэнх залуус нь мэдэхгүй, та хаанахын ямар багийн жерси өмсчихсөн юм бэ гэж асуух...
Тэгвэл энэ "Фламенго" чинь Бразилын хамгийн алдартай клуб. 129 жилийн түүхтэй, Бразилын долоон удаагийн аварга, Либертадоресийн цомын (Өмнөд Америкийн "Аваргуудын лиг") 3 удаагийн аварга, одоогийн энэ ФИФА-ын клубуудын ДАШТ-ий үндэс болсон "өвөг" нь болох "Тив хоорондын цом"-ын 1981 оны аварга (Финалд алдарт "Ливерпуль"-ийг 3:0-дож байлаа) баг юм шүү дээ.
"Хар алмааз" Леонидас, "Цагаан Пеле" Зико, за тэгээд Бебето, Жуниор, Ромарио,Леандро гээд үе үеийн домгууд энэ багаас төрснийг дуулгая. Хамгийн "муу нь" л одоогийн Виниус Жуниор гээд бодчих.
За тэгээд Бразилын хүн амын бараг 23% нь буюу 45 сая хүн "Фламенго"-ийн фанат. Бас ФИФА-аас ХХ зууны дэлхийн шилдэг багуудын жагсаалтад "Фламенго" маань зүй ёсоор бичигдэж байв. Хөлбөмбөгийн хамгийн цуутай цэнгэлдэх, "ариун сүм" болох "Маракана"-д тоглолтоо хийдэг дээ, "Фла".
Намайг "Фламенго"-д сүсэлдэг гэдгийг "нусан багын" найзууд маань, дотны нөхөд, гэр бүлийнхэн маань мэднээ мэднэ.

Тиймээс ч "нусан багын" найзуудын нэг, "Стадион", "Кепеш спорт", "Лабдаругас", "Футбол и хоккей" хамт цуглуулж, оддын зургийг солилцож, " наймаалцаж" явсан эдүгээ Чикаго хотноо амьдарч буй Lamjav Mbayar маань энэ тэмцээдп зориулан "Фламенго"-ийн логотой энэ хоёр малгайг бэлэглэсэн бөлгөө. Жерсиг бол нилээн хэдэн жилийн өмнө "Фламенго" фанат, бразил анд Gilberto Primo дурсгаж байв.
За тэгээд "Менгао" маань дэлхийн аварга болох болтугай!
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин