UBLife Logo
Спорт

Хөлбөмбөгийн клубуудын ДАШТ-ий тойм #1

Хөлбөмбөгийн клубуудын ДАШТ-ий тойм #1

АНУ-ын 11 хотод үргэлжилж буй хөлбөмбөгийн клубуудын ДАШТ-ий (FIFA Club World Cup 2025) эхний тойргийн тоглолтууд өндөрлөж, өнөөдрөөс багууд хоёр дахь тоглолтоо хийж эхэллээ.

Тив болгоны төлөөлөл болсон шилдэг 32 баг 8 хэсэгт хуваагдан өрсөлдөж буй бөгөөд нэгдүгээр тойрогт 16 тоглолт болж, 44 гоол (дунджаар нэг тоглолтод 2,75 гоол) оржээ. Мөн нийтдээ хагас сая гаруй үзэгчид цэнгэлдэхэд үзсэн нь дунджаар нэг тоглолтод 34 773 үзэгч гэсэн үг. Үзэгч цөөхөнтэй байна гэсэн шүүмжлэл явж буй ч 34,7 мянга бол тийм ч муу үзүүлэлт биш. Ялангуяа зарим тоглолтууд өдрийн буюу ажлын цагаар болж байгаа, мөн ази, африк, далайн орнуудын зарим багууд тийм ч их олонд танигдаагүй гэхэд. Хасагдах шатны тоглолтууд эхлэхэд үзэгчид улам нэмэгдэх нь гарцаагүй.

Одоогоор томоохон дуулиан, сенсаац бага байна. Гэхдээ л Мексикийн "Монтеррей" багт тоглож буюу 39 настай Серхио Рамосын "Интер Милан"-ы хаалганд мөргөж оруулсан ганган гоол, Дэлхийн шилдэг клубын нэг, Испанийн эзэн хааны гэгддэг "Реал Мадрид" Саудын Арабын "Аль Хилаль"-тай арай гэж тэнцсэн, тоглолт эхлэхэд хоёр багийн тоглогчид нэг эгнээд бус өөд өөдөөсөө харан зогсож буй, мөн талбайд тоглогчид нэг нэгээрээ гарч ирж буй гээд олон сонин содон зүйл байна.

Талбайд нийтдээ 66 орны тоглогч гараад байгаа бөгөөд Бразилийн 70, Аргентиний 57, Испаний 26 хөлбөмбөгч эхний тойрогт ногоон талбайд хөл тавьжээ. Бразилын "Флуминенсе" багийн Фабио 44 нас 260 хоногтой хамгийн ахмад тоглогч болсон бол "шувууны бага нь" Германы "Бавари" багийн Леннарт Карль (17 нас, 113 хоног) ажээ.

Нэгдүгээр тойргийн дараахи байдлаар Европ болон Өмнөд Америк тивийн багууд нэг ч хожигдол амсаагүй, аргагүй хөлбөмбөгөөр дэлхийд тэргүүлэгч тивүүд гэдгээ харуулж байна.

Ц.Энхтүвшин, Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.