Иран, Израилын 12 хоног үргэлжилсэн дайны гал зогслоо. Израилын тал дайн эхлэхэд л маш оновчтой пуужингийн цохилт өгч, цэргийн өндөр албан тушаалтай олон хүнийг хөнөөсөн билээ. Тэдний байгаа газар, явдаг маршрутыг Израилын арми тун сайн мэдэж байсан. Энэ нь гаднын тагнуулуудтай холбоотой гэж Ираны тал мэдэгдсэн.
Дайн эхэлснээс хойш Иранд нийт 700 хүн тагнуулын хэргээр баривчлагдаж, өнгөрсөн Ням гарагаас тэднийг цаазалж эхэлжээ.
Ираны Fars News агентлагаас “Израилын довтолгоо эхэлснээс хойш Иранд сионист дэглэмийн тагнуулын үйл ажиллагаа маш идэвхэжсэн. Одоогийн байдлаар таван хүн цаазлагдсаны гурвыг нь өчигдөр өглөө цаазалсан. Нэр нь Идрис Али, Азад Шожай, Расул Ахмад Расул. Мохаммад-Амин Махдави Шайстех Ням, Мажид Мосайби Даваа гарагт цаазлагдсан” гэж мэдээлсэн байна.

Тэднийг эх орноосоо урвасан, Ираны өндөр албан тушаалтнуудыг хөнөөхөд хэрэглэсэн төхөөрөмжийг нууцаар Иранд оруулсан хэрэгт ялласан юм.
Хүний эрхийг хамгаалагч Amnesty International байгууллага баривчлагдсан 700 хүний ихэнх нь цаазлагдах магадлал өндөр байгаа юм. Өнгөрсөн 12 хоногийн дайнд Ираны Тагнуулын алба тун хангалтгүй ажилладаг нь харагдсан. Тиймээс байдлыг хянаж байгаа гэдгээ дэлхий дахинд харуулахын тулд ямар нэг арга хэмжээ авахгүй бол болохгүй болоод байгаа билээ. Израилын тагнуулуудыг барихын тулд тусгай албанаас гадна сайн дурын хүчин, арми гээд боломжтой бүх хүчийг ашиглаж байгаа юм.
Ираны Шүүхийн дарга Голясм-Хосейн Мохсени-Эжеи хэд хоногийн өмнө “Дайн болж байхад ямар нэг саатал, удах явдал байж болохгүй. Бид нэг хэрэг дээр хэдэн сар, өдөр ажиллахгүй. Маш хурдан шуурхай шийдвэрлээд явна” гэж мэдэгдэж байлаа.