UBLife Logo
Дэлхий

НАТО-гийн саммит биш Трампын саммит болов

НАТО-гийн саммит биш Трампын саммит болов

НАТО буюу Хойд Атлантын орнуудын эвслийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 24-25-нд Гаага хотод болж өнгөрлөө. Энэ жилийн дээд хэмжээний уулзалтыг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марко Рубио “Трампын дээд хэмжээний уулзалт” гэж нэрлэх санал гаргасан. Үнэхээр ч тийм байлаа. Энэ уулзалтыг олон сар бэлтгэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийг баярлуулах гэсэн ганц зорилготой байсан бололтой.

Уулзалтын дараа хэвлэлийнхний өмнө гарч ирсэн Дональд Трамп үнэхээр баяртай байлаа. Сэтгэл хангалуун байгаа нь илт, инээж, наргиад л.

НАТО-гийн тэргүүн Марк Роггегийн хувьд энэ нь тус эвслийн ЕНБД-ын хувьд анхныхаа дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа нь энэ. Тэрээр ямар ч хүнтэй хэл амаа ололцдог гэдгээрээ алдартай. Энэ удаад Трамптай харилцах арга нь магтаал байлаа. Уулзалтын өмнө Трампад илгээсэн захидлаа тэрээр “Хайрт Трамп” гэж эхлээд “Та АНУ-ын нэг ч Ерөнхийлөгч олон арван жилийн турш чадаагүй зүйлийг биелүүлж чадна” гэж төгсгөсөн байлаа. Энэ зүйл гэдэг нь НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалах зардлаа  ДНБ-ий 5 хувьд хүргэх асуудал байсан юм. Рогге “Европ тив гаргах ёстой зүйлээ төлөх л болно. Энэ бол таны ялалт” гэж зусарджээ.

Дээд хэмжээний уулзалтын дараа Рогге хэвлэлийн хурал дээр Трампыг “Зодолдсон хүүхдүүдээ салгах хэрэгцээ хааяа гардаг аав” гэж нэрлэсэн. Сэтгүүлчид түүнээс яагаад ингэж их Трампыг магтаад байгаа учрыг лавлахад “Трамп бол маш сайн нөхөр” гэж хариулсан юм.  

НАТО-гийн гишүүн орнуудын цэргийн зардал 2014 оноос хойш ДНБ-ий 2 хувь дээр барьж байгаа. Трамп Ерөнхийлөгч болсноосоо хойш “Европын аюулгүй байдлыг АНУ олон жил дааж ирлээ, одоо өөрсдөө зардлаа гарга” гэж байнга хэлсээр ирсэн. Түүний таалалд нийцүүлэхийн тулд дээд хэмжээний уулзалтаас өмнө Рогге гишүүн орнуудаар тойрч, АНУ-ын шаардсан 5 хувийг зөвшөөрөхийг гуйсан. Ганцхан Испанийн Ерөнхий сайд Педро Санчес эрс татгалзсан. Мэдээж Дональд Трамп Испанид худалдаа, гаалийн өндөр татвар тавихаар сүрдүүлсэн.

Дээд хэмжээний уулзалтын дараа НАТО-гийн гишүүн орнууд цаашдаа ДНБ-ийхээ 3,5 хувийг цэрэг, зэвсэглэлд зарцуулна гэсэн бичигт гарын үсэг зурсан. Мөн 1,5 хувийг иргэний хамгаалалт, дэд бүтцэд зарах ёстой болсон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.