Сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ манай улсын нийслэл Улаанбаатар хотноо зургаа дахь өдрөө явагдаж байна.
Монголын эмэгтэй шигшээ багийнхан Бразил, Герман, Украины багуудыг хожиж, “D” хэсгийн дэд байраар хасагдах шатнаа гарч ирсэн.
Улмаар “Токио-2020” олимпын хүрэл медальт, 2019 оны дэлхийн аварга Хятадын багийг нэмэлт цагт буулган авч, түүхэндээ анх удаа ДАШТ-ий шигшээ наймд шалгарсан билээ.
Монголын эмэгтэй шигшээ багийнхан Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл, О.Хулан нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ ДАШТ-д оролцож байна.
Тэд өнөөдөр олимпын алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга АНУ-ын шигшээг 18:15-аар хожиж, ДАШТ-ий хагас шигшээд хүрлээ. Маргааш Монголын багийнхан Польштой өрсөлдөнө.
Эх орныхоо талбайд түүхэн оргил амжилтыг дархалж, элэг нэгтнүүдээ энэ хэдэн өдөрт үнэнхүү цэнгүүлж байгаа Үндэсний шигшээ багийнхандаа баярлалаа.
Монголын шигшээ 3х3-ийн ДАШТ-д 2019 онд анхлан оролцож байв. Тэд ДАШТ-д дөрөв дэхиэ хүч сорьж байгаа нь энэ юм.
