Сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ манай улсын нийслэл Улаанбаатар хотноо сүүлчийн өдрөө явагдаж байна.
Монголын эмэгтэй шигшээ багийнхан Испанийн шигшээд ялагдан, Бразил, Герман, Украины багуудыг хожиж, “D” хэсгийн дэд байраар хасагдах шатнаа гарч ирсэн.
Улмаар “Токио-2020” олимпын хүрэл медальт, 2019 оны дэлхийн аварга Хятадын багийг нэмэлт цагт буулган авч, түүхэндээ анх удаа ДАШТ-ий шигшээ наймд шалгарсан билээ.
Монголын эмэгтэй шигшээ багийнхан Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл, О.Хулан нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ ДАШТ-д оролцож байна.
Тэд өчигдөр олимпын алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга АНУ-ын шигшээг 18:15-аар хожиж, ахин нэг түүхэн ялалтыг дархалсан.
Харин өнөөдөр Польшийн багийг нэмэлт цагт 18:16 харьцаатай буулгаж авснаар, дэлхийн аварга болоход ганцхан хожлын наана хүрээд байна.
Тэд тун удахгүй Нидерландын багтай финалд тоглоно.