Гранж, готик рок урсгалаар алдаршсан EVANESCENCE хамтлаг 2026 оны эхээр шинэхэн студийн цомгоо гаргахаар ажиллаж буйгаа дуулгалаа. Хамтлагийн гоцлол дуучин Эми Ли Нью Жерси мужийн WDHA-FM 105.5 радиогийн ярилцлагад оролцох үеэрээ шинэ уран бүтээлийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг хуваалцсан юм.
“Afterlife” хэмээх синглээ Netflix-ийн “Devil May Cry” цувралын хүрээнд гаргасан бөгөөд Эми Ли “Бид шинэ цомгийнхоо эхний дуунууд дээр ажиллаад эхэлсэн” хэмээн дурдсан байна.

Тэрбээр цааш нь “Ковидын цар тахлын үед бид дөрвөн дуу бэлэн болгоод байсан ч цомог бүрэн дуусаагүй байлаа. Тиймээс бид дуунуудаа шууд цацаж эхэлсэн. Энэ нь тухайн үеийн нөхцөлд бол таарсан явдал л даа. Уран бүтээлээ хуваалцаж, шууд хүлээлтгүй хүргэх мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Энэ жил ч мөн бид зарим дуунуудаа бэлэн болмогц цацах, цомгийн гадуур тусгай төслүүд гаргах бодолтой байгаа. Харин цомгийг бүтнээр нь 2026 оны эхээр цацах төлөвтэй байна” хэмээн онцолсон юм.
2003 онд “Bring Me To Life” дуугаараа дэлхий даяар шуугиан тарьж, “Fallen” цомгоороо олон улсын хөгжмийн ертөнцөд хүчтэй нэвтэрсэн EVANESCENCE өнөөдөр ч оргил амжилтаа үргэлжлүүлж байна. Шинэхэн “Afterlife” синглийг Эми Ли хөгжмийн продюсер, уран бүтээлч Алекс Сеаверын хамт бичсэн бөгөөд энэ дуу нь цацагдсанаасаа хойших хэдхэн долоо хоногийн дотор олон төрлийн платформуудаар 30 сая гаруй хандалт авч, EVANESCENCE хамтлагийн хамгийн хурдан амжилтад хүрсэн сингл болсон байна.
