Мэргэжлийн сүмод гадаад бөх анх түрүүлснээс хойш тавь гаруй жил өнгөрчээ. Алс тэртээ 1972 оны Нагоя башёд АНУ-ын Хавайн арлын уугуул, маэгашира Такамияма 13 даваатай түрүүлж байлаа.

Тэр өдөр сүмогийн түүх эргэсэн юм. Такамиямагийн ялалтаас хойш 50 гаруй жилийн дотор гадаад бөхчүүд 133 түрүү авч, найман ёкозүнатай болжээ.
Энэ талаар Никкан Спортс сонины газраас Хавайн арлын ёкозүна Мүсашимарү, өдгөө Мүсашигава оякататай уулзан ярилцжээ.

-Гадаад бөхийн анхны түрүүгээс хойш 50 жил өнгөрчээ?
-Хичээн зүтгэж байгаа хүмүүс байгаа ч гай, саад болж байгаа хүн ч олон байна. Хийх ёстой юмаа хийж байгаа бөхчүүд байна, тэднийг үзэх гэж ирж байгаа үзэгч байна. Энэ хоёроос сүмо бөх бүрддэг юм.
-Та 1989 онд Японд ирсэн. Дастлаа тун хэцүү байсан байх даа?
-Яах гэж Японд ирсэн бэ? Сүмо барилдах гэж. Хүчтэй болох гэж л ирсэн. Эрхэлж суух ёсгүй. Болино, зугтана гэсэн үг ч мэддэггүй байлаа.

-24 настайдаа озэки болж, Японы иргэншил авсан.
-Озэки бол Сүмо бөхийн холбооны нүүр царай болохоор сүмо бөхийнхөө төлөө зүтгэх ёстой.
-Таныг хичээл зүтгэлтэй, даруу төлөв аварга гэж үнэлдэг.
-Сүмодоо л анхаарлаа хандуулбал элдэв хэрэг төвөгт орооцолдохгүй шүү дээ. Худлаа царайлж, сагсуурснаас л асуудал үүсдэг. Сүмогоо барилдаад явж байхад амжилт хүрээд ирнэ.

-Цаашдаа ирэх гадаад сүмочдод хэлэх үг?
-Сүмогийн түүх, соёлыг сайн судалж, ойлгох хэрэгтэй. Сүмод орохоосоо өмнө сүмогийн талаар ойлголттой болсон нь дээр. Гэнэн тэнэг амьтан шууд орвол хэцүү.
-Сүмо бөхийн ертөнцийн цаашдын хөгжлийн талаар?
-Одоогийнхоо маягаар бол цаашдаа 100 жил оршин тогтнож чадахгүй. Тавин жилийн дотор мөхөж магадгүй. Дэвжээний ояката багш нар ажлаа сайн хийхгүй бол сүмо барилдах хүүхэд алга болж мэднэ шүү.