Бостон хотод Coldplay тоглолтын үеэр болсон нэгэн явдал дэлхий дахинд мем болон тархаж байгаа билээ. Astronomer компанийн Гүйцэтгэх захирал Энди Байрон болон тус компанийн хүний нөөцийн газрын захирал Кристин Кабот нар Kiss Cam-д өртөж, нууц амрагийн харьцаатай нь илчлэгдсэн. Хоёулаа тусдаа гэр бүлтэй ч цэнгэлдэх хүрээлэн дэх хэдэн мянган хүний өмнө тэврэлдэж байсан тэднийг хэдхэн минутын дараа цахим ертөнцийн хэдэн сая хэрэглэгч харсан юм. Ингээд Байрон ажлаасаа чөлөөлөгдөж, түүний эхнэр Меган Керриган Байрон нөхрийнхөө нэрээс татгалзсан.

Энэ явдал цахим ертөнцийг доргиож, тамирчдаас эхлээд дуучид, жүжигчид тэднийг элэглэн, дуурайж эхэллээ.
Бейсболын Phillies багийн маскот Phillie Phanatic талбай дээр “Энэ манай эхнэр” гэсэн бичигтэй гарч, олныг хөгжөөсөн. ESPN SportsCenter сувгийн тайлбарлагч нар ч шууд эфирт дуурайсан юм.

K-POP ертөнц ч зүгээр суусангүй. BTS хамтлагийн Жин Японд болсон “RUNSEOKJIN_EPTOUR_ANAHEIM” тоглолтынхоо үеэр бараг бүтэн жүжиг тоглолоо. Өв тэгш Гүйцэтгэх захирал мэт костюм өмссөн

Жин хүний нөөцийн захирлаа танхимд хайж байгаа дүр үзүүлэн, ололгүй, хоосон тэврэлт хийж, үзэгчдийг инээлгэсэн. Дараа нь Байрон баригдчихаад нүүрээ таглан сууж байгаа хэсгийг ч үзүүлсэн юм.
BLACKPINK хамтлаг Чикагод хийсэн тоглолтдоо ч элэглэл хийж амжлаа. Лиса, Рүжэ хоёр тайзан дээр тэврэлдэж, үзэгчид түүнийг нь “Kiss Cam K-pop” хэмээн нэрлэжээ.

Энэ жилийн шилдэг мем арай эрт тодорчхов уу гэлтэй. Энди Байрон бүх бурууг зохион байгуулагч нарт тохох гэж оролдсон ч тоглолтын өмнө үзэгчид камерт гарч болно гэдгийг урьдчилан анхааруулсан байжээ.