Ажлын хамгийн сайн найз бол инээд, бухимдал, ачаалал, эцэс төгсгөлгүй хурал гээд бүхнийг хамт давж гардаг жинхэнэ тулааны анд нөхөр билээ. Харин тэр хүн амралтаа аваад алга болчихвол? Энэ мэдрэмжийг зөвхөн үнэхээр ажлын сайн найзаа “түр” алдаж үзсэн хүмүүс л ойлгоно.
1. Цайны цагийн тэнэг ярианууд үгүйлэгдэнэ
Бусад хүмүүс зүгээр л хоолоо идэж байхад та нарын хувьд бараг л стэнд-ап комеди, эсвэл амьдралын гүн гүнзгийгээ ярих цаг, хамт инээлдэх, хов базах, стрессээ тайлах сайхан мөч байдаг. Харин түүнгүйгээр цайны цаг бол зүгээр л… хоол.

2. Эрч хүч нэг л буурчихна
Хамгийн хүнд өдөр ч нэг жижигхэн онигоо, оффисоосоо түр гарч агаарлахад бүх юм зүгээр болчихдог байсан. Харин одоо цаг хугацаа зогссон юм шиг л...

3. Бүгдийг “түүний амралтаас хойш” гэж тоолдог болчихно
Ажлын бүх зүйлсийг шинэ он тооллоор хэмжиж эхэлдэг. Ажил биш, үгүйлэл гол цаг хугацааны хэмжүүр болдог.

4. Өөр хүний анзаардаггүй байсан инээд, наргиа үгүйлэгдэнэ
Ямар нэг зүйл дээр шууд л нүдээрээ ойлголцож, доогуураа чат бичин хөхөрдөг байсан тэр мөчүүд хааяа хааяа бодогдоно. Хурлын үеэр хүртэл ганцаараа уйдаж, “яагаад ингэж их хуралддаг юм бол” гэж бодоход хүрнэ.

5. Түүний ширээ хэтэрхий хоосон, оффис хэтэрхий чимээгүй санагдана
Өмнө нь тэр бүр анзаарагддаггүй байсан жижиг, үл мэдэг чимээнүүд нь үгүйлэгдэнэ. Хийдэг тэнэг үйлдлүүд, аялдаг дуу, алхаа нь гээд нэг л хоосон оргичихно.

6. Гэнэт л ярих хүнгүй болчихно
Амьдралын аар саархан үйл явдал, ажлын уур уцаар, зүгээр л гадуур шоппинг хийсэн тухай ч бай, ер нь юуны ч тухай хамаагүй яримаар санагдана.

7. Амралтын зургууд, сториг нь харахад гоё ч гэсэн бас уур хүрэм.
Цагийг гоё өнгөрүүлж байгаад нь баярлах ч гэсэн бас бяцхан атаархал төрнө. Өөр найзуудтайгаа уулзаж байгаа нь бүр нэг сонин санагдуулна гээч. Гэхдээ боломж гараад, хааяа нэг ажлын дараа хамт суух, амралтын өдрөөр уулзахад сайхан.

8. Эргээд ажилдаа ороход нь бөөн баяр.
Түүний амралт дуусах өдөр бол зүгээр нэг ажлын өдөр биш. Та өөрийн эрхгүй хамаагүй эрч хүчтэй, жаргалтай, өөдрөг болсон байх болно. Тэгээд л ам хуурайгүй чалчиж гарна даа. Ажил дээр найзтай байна гэдэг үнэхээр сайхан. Хамт инээж, бухимдаж, хамт өсч, гэрэлтэж явдаг тэр хүн чиний ажлын орчныг тэс өөр болгож байсныг бид сүүлд нь анзаардаг. Хэрвээ энэ нийтлэлийг уншаад, “Яг манай ажлын найз шиг байна” гэж бодсон бол түүн рүү илгээгээрэй.
