Чөлөөт бөхийн 20 хүртэлх насныхны ДАШТ наймдугаар сарын 17-24-ний өдрүүдээр Болгарын Самоков хотноо явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд зодоглосон Монгол улсын тамирчин Эрдэнэбатын Одзаяа, Өмнөд Солонгосын Ён Вү Сон, Хятадын бөх U17 ангиллын дэлхийн аварга Киү Вэнжин, Анголын Жозет Мавунгу нартай барилдахдаа 31 оноог авч, ганц ч оноо алдалгүй илүүрхэн ялсан.
Харин хагас шигшээд Японы тамирчин Рэй Хошинод дийлдсэн юм. Хошино энэ тэмцээнд нэвтхэн түрүүлснээр 20 хүртэлх насныхны дэлхийн хошой аварга боллоо.
Э.Одзаяагийн тухайд, Украйны бөх, U20 ангиллын Европын аварга, U17 ангиллаарх ДАШТ-ий мөнгөн медальт Олександра Рыбакыг 9:8 оноогоор буулган авч, энэ тэмцээнээс хүрэл медалийг атгасан.
Э.Одзаяа гурван жилийн өмнө 17 хүртэлх насныхны Азийн АШТ-д түрүүлж байв.
Тэрбээр ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаагийн төрсөн эгч О.Мягмарсүрэн, улсын начин М.Эрдэнэбат нарын охин билээ. Өнгөрсөн жил насанд хүрэгчдийн УАШТ-ий 68 кг-ын жинд үзүүрлэж байсан.
