Жүдоч Бавуудоржийн Баасанхүү 24 насандаа Монгол Улсын аваргад гурав дахиа түрүүлж, Азийн аваргаар тодорч, Их дуулга ангилалд анхны түрүүгээ дархлан, Дэлхийн аварга болж, “Парис-2024” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ. Ганцхан жилийн хугацаанд энэ бүх амжилтуудад хүрсэн гэхээр гайхамшигтай явдал.
Тэрбээр “Парис-2024” олимпын наадмаас хойш ер тэмцээнд оролцоогүй бөгөөд өдийг хүртэл нам гүм байсан. Тэгвэл гавьяат тамирчин маань энэ оны 2-р сарын 5-ны өдөр амаржиж, хүүтэй болсон билээ.
Б.Баасанхүү саяхан олон улсын жүдо бөхийн холбооны сайтад ярилцлага өгчээ. Уг ярилцлагаас тоймлон хуваалцаж байна.
“Хөдөө өссөн маань миний амжилтад нөлөөлсөн гэж боддог. Багаасаа л хөл нүцгэн ишиг хурганд гүйж, өдөржингөө малтайгаа хөөцөлдөж өссөн маань миний амжилтын эх үндэс.
Анх бөхөөр хичээллэе гэхэд аав, ээж маань зөвшөөрөөгүй юм. Нууцхан хичээллэсээр аймгийн АШТ-ээс хүрэл медаль авч, хойтон жил нь аймгийн аварга болоход аав, ээж маань сая намайг бөх болохыг дэмжсэн. Аавдаа харагдахгүй гэж сэмээрхэн хашаа давж, бэлтгэлдээ очдог байлаа.
Миний хувьд 2013 оноос хойш тогтмол бэлтгэл хийж байгаа. Тэгэхдээ 2017-2021 оны үеэр самбо бөхөөр барилдсан юм.
2024 оны эхэнд Монголоос 48 кг-ын жинд хэн олимпын наадамд оролцох нь тодорхойгүй байв. Г.Наранцэцэг эгч, бид хоёрын чансаа зэрэгцээд байлаа. Миний хувьд, тухайн жилийн эхний хоёр тэмцээндээ 5-р байрт шалгарч, Г.Наранцэцэг эгч хоёулангаас нь хүрэл авсан. Тэгэхэд сэтгэл санаагаар унаж, уйлсан юм, би. Багштайгаа сайтар ярилцаад чөлөөтэй барилдах болсноор дараалсан амжилтуудад хүрч чадсан.
Би олимпын медальтан бас ээж болсондоо баяртай байгаа. Өөрөө дурлаж тэмүүлсэн хоёр зүйлдээ хүрчихсэн учир надад аль нь ч хэцүү санагддаггүй.
Парисын олимпоос мөнгөн медаль аваад баярлаагүй, гэхдээ бас гуниглаагүй. Учир нь би финалд үнэхээр дийлээгүй юм.
Жирэмсэн болсноо мэдээд багшдаа хэлэхэд надаас хавь илүү санаа зовж, нервтсэн.
2028 оны олимпод оролцохын тулд бэлтгэлийнхээ формыг тохируулах нь чухал байна. Их дуулга, Азийн аварга, дэлхийн аварга, олимп гэсэн урт дараалал намайг хүлээж байгаа. Олимпын наадамд оролцохоосоо өмнө хичээх учиртай, авах ёстой медаль олон бий. Хэрэв тэр бүхнийг авч чадвал олимпын аварга болохдоо түүртэхгүй гэж боддог.
Уг ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү.
