UBLife Logo
World News Day

Дэлхийн мэдээний өдөр | Эдийн засгийг сайжруулахад чанартай сэтгүүл зүй чухал

Ж.Хулан
Ж.Хулан
Дэлхийн мэдээний өдөр | Эдийн засгийг сайжруулахад чанартай сэтгүүл зүй чухал

Gereg & Ub.life-ийн редакц Дэлхийн редакторуудын форум байгууллагад гишүүнээр элссэний хувьд 2 дахь жилдээ Дэлхийн мэдээний өдөрт нэгдэж байна.

Бид Та бүхэнд энэ 7 хоногийн турш дэлхийн шилдэг авторуудын сэтгүүл зүйн тухай эргэцүүлэл нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна.


Нийтийн эрх ашгийн төлөөх өндөр түвшний хэлэлцүүлгийн гишүүн эдийн засагчдын илгээлт

Мэдээллийн орчны хямрал нь дэлхий дахины эдийн засгийн өсөлт, хүн төрөлхтний дэвшил, хөгжих боломжид аюул учруулж байна. 

Дэлхийн бүх л улс орон хиймэл оюунд мөрөөсөж, эдийн засгийн өсөлт, үр шим авчрах технологийн хөгжилд итгэл найдвар тавьж байна. Гэвч тэд 21-р зууны эдийн засгийн суурь нөөц нь болох хараат бус, баталгаатай мэдээлэлд ямар ч хөрөнгө оруулахгүй байгаа нь харамсалтай.

Өсөн дэвжиж буй эдийн засгийн гол суурь нь нийтэд хүртээмжтэй, баталгаатай, үнэн бодит мэдээлэл байдаг. Авлигыг, худал хуурмагийг илчлэн, зах зээлийн манипуляциас сэргийлж, зах зээлийн тогтвортой байдлыг хангахад нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүл зүй онцгой үүрэгтэй. Тэд хуурамч мэдээллийг нягтлан, баримтат үнэнээр хангаснаар эдийн засгийн тал бүрийн оролцогчид мэдээлэлтэй хөрөнгө оруулалт хийх боломж бүрддэг. Ийм бүтэцгүйгээр улс орны эдийн засаг, олон улсын худалдаа, капиталын урсгал хэвийн явагдах бололцоо үгүй.

Гэвч дэлхий даяар мэдээлэл гэх энэхүү чухаг нөөц санхүүгийн болон улс төрийн хямралд өртөөд байна.

Олон нийтийн тусын тулд сурвалжлан туурвиж ажилладаг хэвлэл мэдээллийн туулж буй энэхүү хямралыг нийгэм, эдийн засгийн үүднээс авч үзэхээр Нобелийн шагналт хоёр ч эдийн засагч бүрэлдэхүүнд нь багтаж буй нийт 11 эдийн засагч Нийтийн эрх ашгийн төлөөх өндөр түвшний хэлэлцүүлгийг үүсгэн байгуулсан юм. Бид олон улсад өрнөж буй үйл явдал, түүний үр нөлөө, чиг хандлагыг судалж, нотолгоонд суурилсан дүгнэлт гарган ажиллаж байна.

Ингээд харвал эдийн засгийн нөхцөл байдал хараат бус, хуурамч мэдээлэлд улам эмзэг, мэдрэмтгий болж байна. Жишээ нь, 2024 онд л гэхэд 90 орчим улс гаднын улс орноос чиглэсэн хуурамч мэдээлэлд өртжээ. Түүнчлэн хиймэл оюун, тэр дундаа Generative AI-ийн нөлөөгөөр хуурамч мэдээллийг бэлтгэх, цахим орчинд өргөн хүрээнд хүргэх бололцоо нь улам ч нэмэгдсээр байна. Яг үүнтэй зэрэгцэн хараат бус, бие даасан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг автократууд, хувийн эрх ашгаа эн тэргүүнд тавьсан улс төрийн хүчнүүд санхүүгийн хувьд дарангуйлж, мөдхөн залгихыг оролдож байна.

Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамгаалахад зах зээлийн органик хүч даанч хангалтгүй. Учир нь, хэвлэл мэдээллийн орлогыг цахим орчин, хэрэгслүүд булааж, бие даасан хэвлэл мэдээллийг айлган сүрдүүлэх, үзэл санааг нь саармагжуулах үйл явц эрчимтэй явагдсанаар хэвлэл мэдээллийн бизнесийн уламжлалт загвар нэгэнт хойно хоцорчээ. Түүнчлэн арилжааны бус буюу нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандивлах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэмжээ үргэлж доогуур байсан хийгээд орчин цагт автократуудын явуулдаг суртал ухуулгын дэргэд бүр ч өчүүхэн болжээ. Тухайлбал, ОХУ л гэхэд өөрийн нутаг дэвсгэрээс гаднах буюу гадаад оронд түгээж буй суртал ухуулга, хуурамч мэдээлэлд зарцуулж байгаа мөнгөн дүн нь дэлхийн ардчилсан орнуудын чөлөөт, хараат бус мэдээлэлдээ зарцуулж буй дүнгээс гурав дахин их байна. Энэ бол нэг л улстай харьцуулсан дүн. Харин ийм үйл ажиллагаа явуулдаг нь дан ганц Орос биш гэдгийг санууштай.

Хөгжиж буй эдийн засагтай орнуудад энэ нөхцөл байдал бүр ч төвөгтэй. Учир нь мэдээллийн тэгш бус байдал ч нэмэгдэж, тэр хэрээр үүнийг засаж залруулахад тус улс, бүс нутаг дахь тоон хуваагдал, инновац, системийн зохист ажиллагаа нэн чухал байдаг.

Баталгаатай мэдээлэлгүйгээр бид энэ цаг үеийн нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхий нийтийг хамарсан цар тахалтай нүүр тулахын цагт ташаа мэдээллийг баримтаар залруулах нь ямар их өртөгтэй вэ гэдгийг бид харж, мэдэрсээр байна. Улс орнууд үүнийг өөрчлөх шийдвэртэй алхам хийхгүй бол Нобелийн шагналт сэтгүүлч Мариа Рессагийн хэлсэнчлэн бид дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн сайн сайхан, өсөлт дэвшилд аюул учруулах “Мэдээллийн Армагеддон” руу явж байна. 

Тиймээс бид нийтийн эрх ашгийг хамгаалах сэтгүүл зүйн төлөө шийдэмгий ажиллаж, түүнийг хамгаалах ирээдүйн эрүүл мэдээллийн орчныг бүрдүүлэхэд шаардлагатай эн тэргүүний хоёр арга хэмжээнд уриалж байна. Эдгээр нь баталгаатай мэдээлэл, түүний нийгэм, эдийн засгийн үнэ цэнийг нийгмийн суурь дэд бүтцийн хэмжээнд дахин үнэлж, цэгнэхээс эхэлнэ.   

Юун түрүүнд, Засгийн газрууд хараат бус, чөлөөт хэвлэлийн үйл ажиллагааг баталгаажуулж, дэмжих, урамшуулах шинэ загварыг бий болгож, хөрөнгө оруулах шаардлагатай байна. Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь хариуцлагатай, эрүүл эдийн засгийн тогтолцоог хөгжүүлэх хамгийн үр дүнтэй арга юм. Үүний зэрэгцээ санхүүгийн хөшүүргээс гадна хэвлэл мэдээллийн бие даасан байдлыг баталгаажуулж, идэвхтэй иргэний нийгэм, хувийн хэвшлийг оролцоог хангасан, олон ургалч мэдээллийн экосистемийг дэмжих нь чухал. Түүнчлэн зохисгүй нөлөөллөөс сэргийлэх, баримтад суурилсан мэдээллийн орчныг хөгжүүлэх тогтвортой арга замыг эрэлхийлж, сайн туршлагаас суралцах хэрэгтэй. Жишээ нь, Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн олон улсын сан зэрэг хараат бус үйл ажиллагаа нь нийгмийн бусад салбарууд буюу эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгждэгтэй нэгэн адил хэвлэл мэдээллийг дэмжих үр нөлөөтэй арга хэлбэр байж болохыг харуулж байна.

Хоёрдугаарт, Засгийн газрууд хараат бус, олон ургалч, баталгаатай мэдээллийн эх сурвалжуудыг дэмжих мэдээллийн орчныг бий болгоход идэвхтэй ажиллах шаардлагатай. Зах зээлийн эрүүл хөрсөнд үйл ажиллагаа явуулж бие даасан байдлаа хангах чадамжтай мэдээллийг бий болгох “Мэдээллийн үйлдвэржилтийн бодлого”-ыг бий болгохын сацуу хиймэл оюунд хөтлөгдсөн эдийн засгийн орчинд зохист зохицуулалтын бодлогыг гаргах нь чухал болж байна. Ийм бодлогыг олон нийтийн хяналт тавих эрхийн хүрээнд, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн байдлаар боловсруулж, баримтын ач холбогдлыг худлаас дээгүүр эрхэмлэх учиртай. Мэдээлэл, ардчиллын төлөөх олон улсын түншлэл зэрэг олон талт хамтын ажиллагааны хэлбэрүүд нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэх шилдэг туршлага, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тусалж чадна.

Тэгвэл ахиц дэвшлийн эхний шинж тэмдгүүд харагдаж эхэлж байна. Хэдхэн долоо хоногийн нар Франц, Гана улсын Ерөнхийлөгч нарын санаачилсан дэлхий дахины мэдээллийн хямралын эсрэг хариу арга хэмжээг бэхжүүлэх олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна. Энэ үйл хэрэгт илүү олон улс, илүү олон удирдагчид манлайлан оролцох шаардлагатай байна. Шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол мэдээллийн экосистем хурдацтай доройтож, хиймэл оюуны хувьсгалын үр шимийг сулруулж, дэлхий дахины хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайхнаас хойш татах болно. Тиймээс яг одоо л үйлдэл хийх цаг нь ирээд байна.


Нийтийн эрх ашгийн төлөөх өндөр түвшний хэлэлцүүлгийн гишүүд:

Профессор Жозеф Стиглиц - Эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагналтан (2001). Бодлогын хэлэлцүүлгийн санаачилгын Ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч. Рузвельтийн хүрээлэнгийн Ахлах эдийн засагч

Профессор Дарон Ажемоглу - Эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагналтан (2024). MIT-ийн хүрээлэнгийн профессор, MIT-ийн Ажил хөдөлмөрийн ирээдүйг тодорхойлох санаачилгын факультетын дэд захирал

Профессор Филиппэ Агион - Collège de France, INSEAD болон Лондоны эдийн засгийн сургуулийн профессор  

Профессор Сөр Тим Бэслэй – Лондоны эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор

Профессор Франческа Бриа – Английн UCL их сургуулийн Нийтийн төлөөх инновацын хүрээлэнгийн Хүндэт профессор. Италийн AI үйлдвэржилтийн ART-ER агентлагийн Ерөнхийлөгч

Профессор Дайан Койл – Кэмбрижийн их сургуулийн Нийтийн бодлогын профессор

Доктор Обиагели Эзэквэсили – Human Capital Africa байгууллагын Ерөнхийлөгч, Улс төр, бодлого, засаглалын сургуулийн үүсгэн байгуулагч

Профессор Марианна Маззукато – Английн UCL их сургуулийн Нийтийн үнэ цэн, инновацын эдийн засгийн профессор. UCL их сургуулийн Нийтийн төлөөх инновацын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч захирал.

Профессор Атиф Миан – Принстон их сургуулийн Эдийн засаг, Нийтийн бодлого, санхүүгийн профессор

Профессор Андреа Прат - Колумбын их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн Эдийн засгийн профессор, Колумбын Бизнесийн сургуулийн Бизнесийн профессор

Доктор Вера Сонгве - Брукингсийн хүрээлэнгийн Дэлхийн эдийн засаг, хөгжлийн тэнхимийн судлаач. Liquidity and Sustainability Facility хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, тэргүүн. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.