Gereg & Ub.life-ийн редакц Дэлхийн редакторуудын форум байгууллагад гишүүнээр элссэний хувьд 2 дахь жилдээ Дэлхийн мэдээний өдөрт нэгдэж байна.
Бид Та бүхэнд энэ 7 хоногийн турш дэлхийн шилдэг авторуудын сэтгүүл зүйн тухай эргэцүүлэл нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна.
Мартин Бэйрон
2013-2021 онд “The Washington Post” сонины Ерөнхий редактораар ажиллаж байсан бөгөөд өмнө нь “The Boston Globe”, “Miami Herald” сонинуудад өндөр албан тушаал хашиж байсан.
Хагас зуун жилийн турш дахь сэтгүүлчийн замналын маань өдөр хоног бүр гагцхүү Америкийн хараат бус, чөлөөт хэвлэлийн түүхтэй л холбоотой байлаа.
Миний мэргэжлээрээ ажилласан түүх 1970-аад оноос эхэлнэ. Энэ он жилүүд бол Америкийн ард түмэн ардчилалд хэвлэл мэдээлэл ямар чухал үр нөлөөтэй вэ гэдгийг бодитоор харж чаддаг байсан үе л дээ.
Вьетнамын дайны үеэр АНУ-ын Засгийн газрын буруутай ажиллагаа хэрхэн олон хүний аминд хүрснийг “The New York Times” сонин алдарт “Pentagon Papers” цуврал нийтлэл, сурвалжилгаараа хөндөж, нууцын зэрэглэлтэй баримтуудыг америкчуудад дэлгэж байлаа. Бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч нь засгийн газрыг өрсөлдөгчөө намнах зэвсэг болгон ашиглаж, эрх мэдлээ урвуулан, үндсэн хуулиа зөрчиж байсныг “Washington Post” сонин эрэн сурвалжилж, үнэнийг илчилсэн.
Үнэнийг илчилсэн сэтгүүлчдийн дээрх ажлуудаас хэдэн арваны хойно ч би америкчууд хэвлэлийн эрх чөлөөг хэзээнээс эрхэмлэдэг, үүнийг нь манай Үндсэн хуулийн анхны нэмэлт өөрчлөлт баталгаажуулж байдагт итгэж ирсэн. Одоо харин энэ итгэл үгүй болжээ. Үндсэн хуулийн дэг журам АНУ-ыг тогтоон барьж байгаа гэж хэлж чадахгүй. Хуулийн засаглал үйлчилнэ гэдэг ч мөн адил. Тэр битгий хэл чөлөөт дуу хоолой, зөвхөн хэвлэл мэдээлэл бус америкчуудын үг хэлэх эрх чөлөө хэвээр буйд ч итгэмгүй.
Учир нь биднийг уламжлалт эрх мэдлийн хязгаарлалтаас давсан Ерөнхийлөгч удирдаж байна. Конгрессын олонх нь түүний барлаг хийж байна. Улмаар Дээд шүүхийн олонх энэ ерөнхийлөгчийн дураар зайдлах эрх мэдлийг нь батламжилчихсан. Тиймээс Ерөнхийлөгч ардчиллын тулгуур багануудыг дураар ганхуулж, тэр дундаа хэвлэл мэдээллийг гол байгаа болгон намнах болов. Ийм түрэмгий хүчний өмнө эдгээр институтүүд хэчнээн хэврэг, сул дорой болохыг бид төсөөлөө ч үгүй байж.
Өнөө биднийг юу үнэн, юу худал болохыг мэдэх аргагүй, мэдэхийг ч хүсэхгүй байдалд хүргэсэн нь миний санааг хамгийн ихээр түгшээж байна. Аль бодлого нь зөв бэ гэдэг тухайд ардчилсан улсын хувьд бид өөр хоорондоо санал зөрөлдөж болно, энэ бол байх зүйл. Гэтэл өнөөдөр бид баримтыг тогтоож чадахгүйд хүрлээ. Баримтыг тогтоох үндсэн элементүүд болох боловсрол, дүгнэлт, туршлага, тэгээд хамгийн чухал нь нотлох баримтууд цөм үнэгүйдэж, үгүйсгэгдэж, няцаагдаж байна.
Хамгийн энгийн баримтыг ч тогтоож чадахгүй байхад ардчилал яаж оршин тогтнох болж байна аа? Ардчилал аюулд орлоо гэдэг нь хэвлэл ч мөн аюулд өртлөө гэсэн үг. Чөлөөт хэвлэл ардчилалгүйгээр амь тэсэх боломжгүй. Хоорондоо салшгүй холбоотой болохоор ардчилал ч чөлөөт хэвлэлгүйгээр тэсэхгүй. Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэлгүй ардчилал хэзээ ч байгаагүй.

Дарангуйлагчдын тоглоомын дүрэм маш тодорхой байдаг. Хамгийн түрүүнд чөлөөт хэвлэлийг устгах, ингэж гэмээнэ тэдний санааг илчилж, булхайг уудлах хүч үгүй болох юм. Харин одоо тэд бүр чөлөөт хэвлэл төдийгүй чөлөөт илэрхийллийг устгахаар дайрч байна. Хөгжимчид, зохиолчид, уран бүтээлчид гээд бүгдийн илэрхийллийг хорих санаатай. Олон нийтийн сонсох, үзэх, унших эрхийг хянах нь. Бизнес эрхлэгчид, судлаачид, тэмцэгчид, улс төрийн лидерүүдийн бодлогоо сурталчлах эрхэд халдах нь. Тэгээд зогсохгүй хүн нэг бүрийн гэр бүл, найз нөхөд, хөршүүд, хамтрагчтайгаа хяналт, цензургүйгээр чөлөөтэй ярихыг ч хянахыг хүсэж байгаа.
Чөлөөт хэвлэлийн хүсээд байгаа эрх нь хүмүүсийн өөрсдөдөө хүсдэг эрхээс ямар ч ялгаагүй. Баримтад чөлөөтэй нэвтрэх, олж мэдсэнээ хуваалцах, итгэж буй зүйлээ илэрхийлэх.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээр тогтохгүй олон зүйл эрсдэл оржээ. Дарангуйлагчдын гол бай нь үнэн өөрөө юм. Тиймээс тэд үнэний эрэлчид болох шүүгч, судлаач, эрдэмтэд, статистикч, сэтгүүлчдийг онилж байгаа хэрэг. Дарангуйллын зам руу хазайсан улс оронд төрийн эрх мэдлийг барьж буй этгээд үнэний “эзэн” болохыг санаархдаг. Улмаар үнэнийг нуух, далдлах, устгах ажлаа эхэлнэ.
Яг ийм зүйл одоо Америкийн Нэгдсэн Улсад өрнөж байна. Үнэн баримт дайралтад өртчихөөд байхад Засгийн газар өөрсдийн зохиосон үлгэрээ уйдахгүй давтсаар.
Хэдэн арваны турш Америк орон бүх төрлийн чөлөөт илэрхийллийн бат цайз хэрэм байж, үндсэн хуулийн хамгаалалт найдвартай оршиж байлаа. Одоо тийм биш. Эрх чөлөөг хүссэн бусад орны хүрэхийг хүсдэг жишиг бид байлаа. Одоо тийм биш. Дэлхий даяар хүний эрхийн төлөө тэмцэгчид, ардчиллын идэвхтнүүд, чөлөөт сэтгүүлчид дарангуйлалтай тулахдаа бид тэдний талд гэж найддаг байлаа. Одоо тэд урьдын адил бидэнд найдах боломжгүй боллоо.
1941 онд Ерөнхийлөгч агсан Франклин Делано Рузвельт хүний хамгийн эрхэм дөрвөн төрлийн эрхийн тухай алдартаа илтгэлдээ “чөлөөтэй үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх”-ийг хамгийн түрүүнд нэрлэж байв. Тэгээд “дэлхий даяар” хэмээн онцгойлон тодотгосон сон.
Гэтэл өнөөдөр дарангуйлагч болох замаа засаж яваа Ерөнхийлөгчтэй Америк орон илүү сайхан дэлхийг бүтээх амин чухал орц хэмээн Франклин Делано Рузвельтийн тодорхойлсон эрх чөлөөнөөс улам холдсоор байна. Хараат бус хэвлэлүүд дэлхий даяар аюулд орж, ардчилалд итгэх итгэл улам бүр суларч байхад зөрөөд шинэ үеийн дарангуйлагчдын тоо улам нэмэгдэх боллоо. Манай Ерөнхийлөгч чөлөөт хэвлэл, том зургаараа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүхэлд нь дэлхий даяар ганхуулж орхилоо.
Ерөнхийлөгч Дональд Трамд болон түүний дагалдагчдын энэ үл тоомсорлол анх яагаад АНУ-ыг үндэслэгчид Үндсэн хуулийн анхдугаар нэмэлт өөрчлөлтийг хийсэн гол шалтгаан юм, уг нь. Жэймс Мэдисон гол автор нь байсан. Тэр хэвлэл мэдээлэл болон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг авч үзэхдээ “нийтийн албан тушаалтнууд болон тэдний үйл ажиллагааг чөлөөтэй хянах” хэмээсэн.
“Хянах” гэдэг үгийг энд онцгойлон авч үзэх хэрэгтэй. Толь бичигт энэ үгийг тайлбарлахдаа “ойроос нягтлах”, “сайтар мөшгөх”, “үйл явц эсвэл мэдлэгийг тодорхойлохын тулд зохистой асуултыг тавих” гэжээ. Үүнийг сэтгүүлчид хөрвүүлбэл бид ердийн нэг бичээчид биш юм. Тийм ч байх ёсгүй. Бид хөшигний цаагуур, асуудлын гүн рүү орж хэн, юуг яагаад хийв, үүнд нь хэн яаж өртөх вэ, хэн ямар зорилгоор шийдвэр гаргахад нөлөөлсөн болохыг олж илрүүлэхийг зорьдог.
Миний бодлоор сэтгүүл зүйн гол зорилго бол олон нийтийг мэдэх эрхтэй, мэдвэл зохих мэдээллээр хангаснаар хүмүүс өөрсдөө шийдвэр гаргах боломжийг хангах явдал юм. Энэ зорилгод онцгой нэг тал бий: Эрх мэдэл бүхий хувь хүн, байгууллагад хариуцлага тооцох.
Эрх мэдэл бүхий талд сайн сайхныг цогцлоох асар их боломж бий. Тэд үүнийг хийвэл хэвлэл мэдээллийн бид олон нийтэд мэдээлнэ. Нийгмийг илүү сайжруулах магтууштай үйл хэрэг бүрийг бусдад хуваалцах тусам тустай.
Нөгөө талдаа, буруу булхай ч тэнд явагдаж байдаг. Буруу булхай ихэнхдээ хэтийдсэн эрх мэдэлтэй, хийсэн муу үйлээ нуун далдлах бололцоотой талаас гардаг. Тиймдээ ч ёс зүйгүй, хуульгүй гэмт үйлдлүүд олон нийтэд мэдэгдэхгүйгээр хэдэн арваны нүүр үзэх нь ч элбэг. Улмаар энгийн хүмүүс чимээгүй зовж, хохирогчид үл тоогдох нь ч бий.
Тиймээс хараат бус хэвлэл мэдээлэл, чөлөөт илэрхийлэл аюулд өртвөл олон нийтэд маш хохиролтой. Хүмүүс гомдол, асуудлаа хэлэх эрхтэй байх ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг нь сонсож, сурвалжлахад бэлэн байх ёстой.
Ноцтой буруу үйлдэл гарахад ихэнхдээ сэтгүүлчдээс өөр хэн ч баримтыг судлах гэж хөдөлдөггүй. Авлигын асуудлыг нэг ч сэтгүүлч хөндөхгүй бол төлөөсийг нь ард иргэд төлөх болдог. Асуудалд анхаарал хандуулах хараат бус хэвлэл үгүй бол эрх мэдэлтнүүд буруу булхайгаа илүү их үйлдэхээр улайрч байдаг. Тэдний ашиг сонирхол бүрэн биелж, харин ард иргэдийнх ард хоцордог.
АНУ-ын Засгийн газар дэлхий даяар эрх чөлөөний төлөөх тэмцлийг үл тоож байгаа энэ үед бусад орны иргэд америкчуудад үлгэр дуурайл болоосой гэдэг ганц итгэл надад үлдлээ. Дарангуйллын засгийн газрыг дарахыг тэд бидэнд харуулж чадна. Ардчиллын үндсэн зарчим болох чөлөөт илэрхийлэл, хараат бус хэвлэлийн төлөөх амаргүй тэмцэлд бидэнд урам зориг өгч чадна.
