1848 оны есдүгээр сарын 23-нд Америкийн Жон Кертис бохь хийх жорыг анх гарган авчээ. Үндсэн материал нь модны давирхай байсан байна. Мэдээж хүн төрөлхтөн эрт дээр үеэс бохь зажилж ирсэн. Харин Кертис үйлдвэрлэж болох жор, аргыг зохисон гэсэн үг юм.
Зажилсан бохио гудамжинд хаях явдалтай дэлхийн улс орон бүр янз бүрийн аргаар тэмцэж байна. Эрдэмтэд бохийг байгаль орчин бохирдуулахгүйгээр уусгадаг бодис бүтээхээр олон жил ажиллаж байгаа.

Сингапур улс 1992 онд бохь үйлдвэрлэх, худалдах, борлуулахыг хориглож, хууль бусаар бохь нэвтрүүлсэн тохиолдолд 1 жил хорих ялаар шийтгэж, 5,5 мянган ам.долларын торгууль оноож байв. 2004 онд энэ хоригоо цуцалсан ч эмнэлгийн зөвшөөрлөөр л хэрэглэхийг зөвшөөрчээ.

Хятадад 2005 онд Бээжингийн төв талбайд Үндэсний баяр болсны дараа хүмүүсийн хаясан бохийг цэвэрлэхэд 120 мянган ам.доллар зарцуулсан байдаг. Тэр жилээ БНХАУ-ын Засгийн газраас гудамжинд бохь хаяхад 50 юанийн торгууль оноох хуультай болсон.
АНУ-ын Сан-Луис-Обиспо хот зажилсан бохио наадаг тусгай ханатай. Энэ хананд бохио наахаар олон мянган жуулчин ирдэг гэнэ. Харин Германы Бохольт хот бохь наадаг тусгай модтой байна.

Холливудын алдартай найруулагч Дэвид Линч зажилсан бохь цуглуулдаг хоббитой. Түүний хэлснээр зажилсан бохь хүний уураг тархийг санагдуулдаг ажээ.

Үлээдэг бохийг (Bubble gum) 1928 онд анх хийсэн. Гэхдээ 1955 оноос моодонд орсон юм.

eBay дуудлага худалдаагаар нэгэн зажилсан бохь 455 мянган еврогийн үнэ хүрсэн нь алдарт дасгалжуулагч Алекс Фергюсоны зажилсан бохь байлаа. Тэрээр “Манчестер Юнайтед” багаа удирдсан сүүлийн тоглолтдоо тэр бохийг зажилж байсан юм. Энэ мөнгийг буяны үйлсэд зарцуулсан байна. Түүний дараа Бритни Спирсийн бохь 14 мянган ам.доллар хүрчээ. Спирс дуудлага худалдаанд бохио оруулахдаа хаана, хэзээ зажилж байснаа баталгаажуулсан гэрэл зураг хавсаргаж байжээ.

1965 онд АНУ-ын сансрын нисэгч Жеймс МакДивитт сансрын хөлөгт бохь зажилснаар бох анх сансарт гарч байв.
Хамгийн ахмад бохь 5000 настай. Энэ бол 2007 онд Финландад археологичдын олсон бохь бөгөөд хүний шүдний оромтой, модны бохь байжээ.
Америкийн Сьюзен Монтгомери гэгч эмэгтэй бохь үлээж, 58,5 см диаметр бөмбөлөг гаргасан нь Гиннесийн номд бүртгэгджээ.
Чихэнд ямар нэг дуу хоногшоод салж өгдөггүй зовлонтой учирч үзээгүй хүн байхгүй биз ээ. Тэгвэл 10-15 минут бохь зажлахад тэр дуу алга болдог байна.
Гаатай бохийг ууттай гурил, будаанд хийхэд хортон шавьж орж ирдэггүй гэнэ.
Бохь зажлахад хүний ой санамж 30 хувь нэмэгддэгийг эрдэмтэд тогтоожээ.
Бохины том үйлдвэрлэгч болох Wrigley анх саван үйлдвэрлэдэг байжээ. Тэд саван авсан хүнд бохь дагалдуулан үнэгүй өгдөг байв. Гэтэл нэгэн судалгаагаар хүмүүс бохь авахын төлөө саван худалдан авдаг нь мэдэгдэж, тус компани савангаа хаяад бохь дээр тогтсон түүхтэй.

Orbit бохийг Дэлхийн хоёрдугаар дайны үед америк цэргүүдэд зориулан, анх гаргажээ. Бохь зажлах нь стресс тайлж, тайвшруулдаг гэж үздэг байв.

1930 оноос бохины цаасанд алдартай тамирчин, жүжигчин, хүүхэлдэйн киноны баатруудын зургийг хийдэг болжээ. Ийнхүү бохины цаас цуглуулах хобби дэлхий даяар тархсан байна.

Америкийн Гэри Душль бохь сунгаж, 27250 метр урт гинж хийсэн нь Гиннесийн номд бүртгэгдсэн.

1911 онд дэлхийн бүх хэвлэлээр бохины тухай бичсэн. Учир нь Будант Альбионд нисэж явсан онгоцны хөдөлгүүрт жижиг цав гарч, онгоц сүйрэх дөхжээ. Азаар нэгэн нисгэгч нүхийг бохиор наах санал гаргаж, онгоц аврагдсан байна.
Туркт нар жаргасны дараа бохь зажилж болохгүй гэсэн сүсэг байдаг. Учир нь шөнө бохь амандаа хийхэд үхсэн хүний чих болон хувирдаг гэсэн домог байдаг ажээ.

Бохь зажлахад цагт 11 калори шатдаг. Жилд өдөр бүр нэг цаг бохь зажлахад 5 кг турж чадна.
Бараг бүх төрлийн амттай бохь бий. Жимс, чихэрлэг амтнаас гадна давслаг өргөт хэмх, мах, оргилуун дарс, васаби, хэт халуун чили амттай бохь ч байдаг.

Цагтаа хүмүүс “замын хар” зажилдаг байлаа. Замын хартай цуг маш олон хитийн хортой бодис ходоодонд ордог байжээ.
