UBLife Logo
Дэлхий

Нобелийн Энх тайвны шагнал авахаар Трамп яарав уу?

Нобелийн Энх тайвны шагнал авахаар Трамп яарав уу?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ жилийн турш өөрийгөө Нобелийн Энх тайвны шагнал авах ёстой хүн гэж ярьсан билээ. Тэрээр НҮБ-ын чуулганы индэр дээрээс ч “Би долоон дайн зогсоогоод байна. Харин НҮБ нэгийг ч зогсоож чадаагүй” гэж мэдэгдсэн. 2025 оны хоёрдугаар сард “Тэд хэзээ ч надад Нобелийн шагнал өгөхгүй. Надад энэ шагналыг өгөх бүхий л нөхцөл байгаа ч тэд өгөхгүй” гэж ярьж байсан. Харин өнгөрсөн есдүгээр сард армийн генералуудын өмнө үг хэлэхдээ Трамп мөн л энэ асуудлыг хөндөж, “Хэрэв энэ жил надаас өөр хэн нэг нь Нобелийн Энх тайвны шагнал авбал америкчуудын хувьд том доромжлол болно” гэж хэлсэн юм. Тэгэхээр энэ шагнал түүнд тун хэрэгтэй байх нь. Одоо түүний зогсоох гэж байгаа найм дахь дайн бол Газын зурвас дахь Израил, ХАМАС-ын дайн. Ямар ч гэсэн Трамп хоёр талд маш шуурхай галаа зогсоож, хэлэлцээр хийхийг тулган шаардсан. Магадгүй тэр энэ жил Нобелийн Энх тайвны шагнал авах юм болов уу?

Нобелийн шагналын судлаач, түүхчдийн үзэж байгаагаар Дональд Трамп Энх тайвны шагнал авахад хэт эсрэг тэсрэг хүн бөгөөд хэт дайнч зүтгэлтэн. Гэвч түүхийн хуудас сөхөн харахад Трампаас илүү дайнч нэгэн Ерөнхийлөгч Энх тайвны шагнал хүртэж байжээ. Энэ бол Теодор Рузвельт.

Теодор Рузвельт

Нобелийн Энх тайвны шагналын түүхэнд АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгч энэ шагналыг хүртэж байсан. Нэг нь авах үедээ ажлаа өгсөн байсан бөгөөд Жимми Картерт энх тайвны үйл хэргийг нь үнэлэн, 2002 онд өгч байжээ. Барак Обама Ерөнхийлөгч болсон эхний жилээ “Олон улсын дипломат харилцаа, хүн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлсэн” гэсэн сонин тодотголтойгоор Энх тайвны шагнал авч байлаа. 1919 онд Вудро Вильсон дэлхийн I дайны дараах үйл хэрэг, Үндэсний лигийг байгуулах гэсэн гавьяагаараа хүртэж байв.

Харин дээр дурдсан Теодор Рузвельт бол Энх тайвны шагнал хүртсэн анхны АНУ-ын ерөнхийлөгч. Орос, Япон улсуудыг эвлэрүүлсэн гэж шагнуулсан түүхтэй. Түүнийг энэ шагнал авсны дараа Европын хэвлэл “Альфред Нобель авсан дотроо уурласан байх” гэж бичиж байлаа. Теодор хэзээ ч энхийн цагаан тагтаа байгаагүй. 1897 онд тэрээр Ерөнхийлөгч Мак-Кинлигийн Засгийн газарт Тэнгисийн цэргийн сайдын туслах байлаа. 1898 онд АНУ нь Испанитай байлдаж, Куба, Филиппин, Пуэрто-Риког эзэлж, Хавайг нэгтгэв. Энэ бүх дайнд Рузвельт гол од нь байлаа. Эх орончдын бэлгэ тэмдэг болсон Теодор ажлаа орхиж, сайн дураар АНУ, Испанийн дайнд мордлоо. “Рузвельтийн эрэлхэг морьтнууд” нэртэй хороо удирдаж, Сантьяго-де-Кубаг эзлэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Ингээд эх орондоо баатрын ёсоор эргэн ирсэн юм. 1900 онд АНУ-ын дэд Ерөнхийлөгч болж, 1901 онд Ерөнхийлөгч Мак-Кинли алагдахад Ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авав.

“Зөөлөн ярь, гэхдээ гартаа том бороохой барь. Тэгвэл илүү хол явна”

Энэ бол түүний хэлэх дуртай үг.

Рузвельтийн шог зураг

1906 онд Нобелийн Энх тайвны шагнал авахаасаа сарын өмнө Рузвельт Кубад гарсан бослогыг даруулахаар цэрэг оруулах зарлиг гаргаж байв.

Босогчдод тэр “Яг одоо би энэ муу жижигхэн Куба гэдэг улсад маш их уур хүрч байна. Ард түмнийг нь газрын хөрснөөс арчмаар байна” гэж хэлж байлаа.   

1905 онд Орос, Японы дайн зогсонги байдалд ороод байв. Орос ил тод ялагдаж байсан бол Япон улс хамаг нөөцөө баржээ. Хэн хэн нь дайныг зогсоомоор байсан ч голд нь зуучлагч хэрэгтэй. Энэ үүргийг Рузвельт гүйцэтгэсэн билээ. Тавдугаар сарын 31-нд Японы тал нууцаар түүнд зуучлагч хийх хүсэлт тавьлаа. Оросын Николай II хаан Японтой хэлэлцээр хийхийг зөвшөөрсөн ч зөвхөн Рузвельт санал тавьсан тохиолдолд болно гэж байв. Ингээд  Теодор Рузвельт хоёр талыг Нью-Гэмпшир мужийн Портсмут хотод урьсан байна. Япончууд нөхөн төлбөр шаардаж, Сахалиныг эзэмшилдээ авна гэж дайрсан бол Орос хүлээн зөвшөөрсөнгүй. Хэлэлцээр бүтэхгүй нь гэж байтал Рузвельт гарч ирлээ. Тэрээр Оросын хаан хэзээ ч ялагдсаны төлбөр төлөхгүй гэдгийг Японы талд хэлээд харин Өмнөд Сахалиныг авч болно гэдгийг сануулсан байна. Ялагдаж байсан оросууд ч тэртээ тэргүй Японд алдчихсан байсан арлаа өгөөд төлбөргүй салахаа дээр гэж үзжээ. Ингээд Энхийн гэрээ байгуулагдах нь тэр. Мэдээж Рузвельт том үүрэг гүйцэтгэсэн.

Орос, Японы гэрээ

1905 оны аравдугаар сард “American Monthly Review of Reviews” сэтгүүл “Орос, Японы дайн дэлхий дахинд манай улсыг энх тайванч улс гэдгийг, харин Ерөнхийлөгчийг энх тайванд дуртай гэдгийг дэлхийд харуулж өглөө” гэж бичиж байв.

Ийнхүү 1906 оны аравдугаар сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельт “Орос, Японы цус урсгасан дайныг зогсоосон” хэмээн Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн юм. Теодор өөрөө шагнал гардуулах ёслолд ирээгүй. Гэхдээ тэр 1910 онд ажлаа өгсөн хойноо Ослод Нобелийн лекц уншиж байлаа. Рузвельт Нобелийн шагнал авсныг дэлхий даяараа шүүмжилсэн. Норвегичуудыг АНУ-д долигнолоо гэж үзэх хэсэг байхад Теодорыг цэргийн гэмт хэрэгтэн гэж нэрлэсэн орон ч байлаа. Энэ шагнал түүхэндээ хамгийн их хэрүүл, маргаан үзсэн нь Теодор Рузвельт буюу 1906 он байлаа.

Энх тайвны шагнал авлаа гээд Теодор Рузвельт энх тайванч болоогүй. Тэрээр хүчээр бүгдийг шийдэх гэж оролдсоор байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.