Гадаадын тамирчинд иргэншил олгож, шигшээ багтаа авах нь спортын ертөнцөд жирийн, түгээмэл үзэгдэл. Италийн шигшээ баг 2006 онд аргентин залуу Мауро Каморанезигийн хамт дэлхийн аварга болсон бол Португалын од Пепе, Деку нар үнэндээ бразилчууд байлаа. Гэхдээ тэд хууль журмын дагуу шинэ эх орондоо хүчин зүтгэсэн юм.
FIFA-гийн дүрэм ёсоор иргэншлээ солих гэж байгаа хөлбөмбөгчин тухайн орныхоо АШТ-д доод тал нь таван жил тоглосон байх ёстой. Эсвэл иргэн нь болох гэж байгаа оронтой яс үндэс, гэр бүлийн хувьд холбоотой байх шаардлагатай юм. Жишээ нь, Арменийн шигшээ багийг авч үзье. Нигерийн Угочукву Иву, Сербийн Огньен Чанчаревич нар 2018-2024 онд Арменийн лигт хүч үзэж байсан тоглогчид. Оросоос авчирсан Эдуард Сперцян, Наир Тикнизян нар армени гаралтай тамирчид.
Харин Малайз улс энэ замаар явалгүй, хууран мэхлэх аргыг сонгосон юм. Малайзийн хөлбөмбөгийн холбооноос аргентин, испани, бразил, нидерланд паспорттой долоон тамирчныг эгнээндээ нэгтгэхдээ хуурамч бичиг баримт ашигласан байна. Өнгөрсөн зургаадугаар сард Малайзийн шигшээ баг Азийн Цомын тэмцээнд Вьетнамын багийг 4:0 ялахад тэд бүгд тоглосон. Гэвч Вьетнамын хөлбөмбөгийн холбоо эсэргүүцэл илэрхийлснээр FIFA шалгалт явуулж, дээрх тоглогчид Малайзийн лигт 5 жил тоглоогүй, малайз үндэстэн биш гэдгийг тогтоожээ.
Ингээд хууран мэхлэх ажиллагааг санаатайгаар үйлдсэн Малайзийн хөлбөмбөгийн холбоог 350 мянган (€ 374,5 мянга), тамирчин тус бүрийг 2 мянган швейцар франкаар (€ 2,14 мянга) торгожээ. Мөн тэднийг тоглох эрхийг нэг жилээр хассан байна. Шийтгэл хүлээсэн тоглогчид дунд алдартай тамирчин бараг байхгүй. Факундо Гарсес, Габриэль Фелипе, Родриго Ольгадо, , Жоау Фигейреду, Хон Ирасабаль, Эктор Хевель Серрано нар. Гэхдээ 26 настай Гарсес Ла Лигийн “Алавес” багийн үндсэн хамгаалагч. 25 настай Иманоль Мачука Аргентины “Велес Сарсфилд” багт тоглодог, зах зээлийн үнэ нь 2,5 сая евро.