АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх жилийн зургаадугаар сарын 14-нд 80 насныхаа ойгоор Цагаан ордонд UFC холбооны тэмцээн зохион байгуулна гэдгээ зарласан. Маш том түүхэн тэмцээн болох тул хамгийн алдартай тулаанчид оролцох учиртай. Тус тэмцээнд хэн хэн оролцох нь тодорхой бус байгаа ч ямар ч гэсэн супер тулаанууд болох нь дамжиггүй. Ингээд түүхэн тэмцээнд хамгийн тохирсон таван тулааныг та бүхэнд санал болгож байна.
Илия Топурия - Ислам Махачев
Энэ хоёр хэзээ нэгэн цагт торон дотор тулгарах нь ойлгомжтой. Тэгвэл Цагаан Ордны тэмцээн тэр тулгарах хамгийн сайхан боломж нь болж өгөх юм. Илия хөнгөн жингийн аваргын бүстэй. Ирэх нэгдүгээр сард бүс хамгаалах тулаанаа Жастин Гэтжитэй хийхээр болоод байгаа. Илия Гэтжид ялагдах учиргүй. Харин Ислам 11 дүгээр сард Жек Делл Маддаленатай аварга цолны төлөө өрсөлдөнө. Ислам ялаад аваргын бүсээ зүүвэл Цагаан Ордонд хоёр супер аварга нударга зөрүүлэх болж байгаа юм. Аль жинд болсноос үл хамааран UFC холбоо төдийгүй холимог тулааны ертөнцөд маш том үйл явдал болно. Конор Макгрегор, Хабиб Нурмагомедов хоёрын өрсөлдөөнтэй эн зэрэгцэхээр тулаан.
Жон Жонс - Алекс Перейра
Зодог тайлж, тэтгэвэртээ гарсан ч Жон Жонс Цагаан Ордонд тулалдахын төлөө эргэн ирэх ёстой. Тэр бол UFC холбоо төдийгүй холимог тулааны сүүлийн арван жилийн гол од нь байсан. Жон Жонс Том Аспиналлтай тохиролцож чадалгүй холбоог орхиж, Дана Уайтыг хилэгнүүлсэн. Гэхдээ Дана Уайт Трампын төлөө түүнийг өршөөхөд бэлэн байна. Харин түүний өрсөлдөгчөөр Томыг сонгохгүй байх. Аспиналл түүхэн тэмцээнд жижигдэнэ. Аваргын бүсээ саяхан эргүүлэн авсан Бразилын Алекс Перейра яг тохирох юм.
Конор Макгрегор - Майкл Чендлер
Холимог тулааны шинэ түвшинд гаргасан гол хүн бол Конор Макгрегор. Түүнийг яаж ч муулсан байсан Конор бол Конор. Ирланд залуу 4 жил рингэнд гараагүй ч Цагаан ордон бол түүний эргэн ирэлтийн талбарт яг тохирно. Конор ч үүнийг сайн ойлгож байгаа. Тэр Дана Уайт, Трамп хоёртой нөхөрсөг харьцаатай. Тэгвэл Майк Чендлер бүтэн 4 жил Конортой тулалдахаар хүлээж байгаа. Америк паспорт, хурц сайхан тулаан гээд Майк түүхэн тэмцээнд ороход бэлэн хүлээж байгаа. Допингийн шинжилгээнээс зайлсхийсэн гээд 18 сарын шийтгэл хүлээсэн Конорын шийтгэл 2026 оны гуравдугаар сард дуусах юм.

Кайла Харрисон - Аманда Нуньес
Эмэгтэйчүүдийн холимог тулааны хамгийн супер тулаан бол энэ хоёр бүсгүй. Жүдо бөхийн олимпын хошой аварга Кайла Харрисон, UFC лигийг олон жил ноёрхсон домогт Аманда Нуньес хоёрын хэн нь ялах бол? Аманда үнэн хэрэгтэй өрсөлдөгчгүй болоод зодог тайлсан. Өндөр шагнал амлавал дахин торонд гарах хүсэл түүнд байгаа нь мэдээж.
Александр Волкановски - Мераб Двалишвили
Өнгөрсөн амралтын өдөр болсон UFC 320 тэмцээнд Гүржийн Мераб Двалишвили гурав дахь удаагаа аваргын бүсээ хамгааллаа. 14 дараалан ялан гүрж залууд өрсөлдөгч жинд нь үлдсэнгүй. Тэгвэл өөр жинд Мераб хүч сорьж яагаад болохгүй гэж? Хагас хөнгөн жинд хаанчилж байгаа Александр Волкановски, Мераб Двалишвили хоёрын тулаан маш их сонирхол татах болно. Мөн л хоёр жингийн аваргууд.