UBLife Logo
Спорт

Шүтдэг сүмоч, өрсөлдөгч ч байхгүй Аонишики

Шүтдэг сүмоч, өрсөлдөгч ч байхгүй Аонишики

Украины сүмоч, комүсүби Аонишики өнөөдөр Токио хот дахь Гадаад сэтгүүлчдийн холбоон дээр хэвлэлийн бага хуралд оролцлоо.

Тэрээр мэндчилээд “Ажигава дэвжээний Аонишики байна. Юуны өмнө би сүмо бөх барилдаж эхэлсэн талаараа ярихыг хүсч байна. Би 6 настайгаасаа жүдо барилдаж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд сонирхолгүй байсан. Нэг өдөр манай багийн ах нар сүмо барилдаж эхлэхээр нь их сонирхсон. Ямар бөх юм бол гэж гайхсан ч маш хурдан ялж, ялагдаад их сонирхолтой байлаа. Энэ бол сүмо бөхтэй хамгийн анх уулзсан уулзалт маань байлаа. сэнпай сүмо барилдаад хурдан дуусаад гоё гэж бодсон. Анхны уулзалт тэр байлаа. Удалгүй би чөлөөт бөх барилддаг болсон. 11, 12 настай байхдаа Таканохана, Асашёорюү хоёрын аймар ширүүн барилдааныг үзээд сүмоч болох хүсэл ассан даа” гэж ярьсан. Ингээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.   

-Украинд байгаа гэр бүл, дайны байдлын талаар яриач. Та Намрын тэмцээнд 11 давсан. Кюүшюүд озэки цолны бэлтгэл тэмцээн байх болно. Хамгийн ойрдоо ирэх жилийн Нэгдүгээр сард озэки цол хүртэх боломжтой. Анхаарах зүйл юу байна? Юу дутагдаж байна гэж бодож байгаа вэ? Ёкозүна Ооносатог ялж байгаагүй. Түүний талаар яриач.

Аонишики – Манай гэр бүл Германд байгаа болохоор зүгээр, санаа зовох зүйлгүй. Одоо санякүд барилдаж байна. Дараа нь озэки. Анхаарах зүйл гэвэл онцгой юм алга. Урьд өмнө хийж ирсэн бэлтгэлээ хийж байхад болно. Ооносато аваргатай 2 барилдаж, 2 унасан. Цаашдаа бэлтгэлээ улам сайн хийгээд ялахын тулд хичээнэ.

– Украинд сүмо барилдах, Японд сүмо барилдах өөр. Яагаад Японд ирэх болов? Японы талаарх сэтгэгдэл?

Аонишики -  Украинд би сонирхогчдын сүмо барилдаж байсан. Хичээл сургуулийн хажуугаар гэсэн үг. Харин энд жинхэнэ мэргэжлийн сүмо барилдаж байна. Бэлтгэл сонирхогчоос огт өөр. Мэргэжил нь илүү сонирхолтой байгаа. 2019 онд сонирхогчдын сүмогийн ДАШТ-д оролцож байхдаа Японы Кансай их сургуулийн дасглжуулагчтай танилцсан маань Японд ирэх нөхцөл болж өгсөн. Япон хоолноос илүү хэл маш хэцүү байлаа. Япон хоол амттай тул дороо дассан. Япон хэлний хувьд дэвжээнд ороод илт сайжирсан.

– Украинд болж байгаа дайны талаар сэтгэгдлээ хуваалцаач.

Аонишики - Эх орон минь одоо хүнд хэцүү байдалд байна. Гэхдээ өнөөдөр би зөвхөн сүмогийн талаар л ярьмаар байна.  

– Украин улсдаа дамжуулмаар байгаа зүйл юу вэ? Украинчуудад хэлэх үг?

Аонишики – Миний барилдааныг хараад нэг ч гэсэн украин хүн баярлаж байвал болно.

- Та Шишигийн дараах хоёр дахь украин бөх. Шишигээс зөвлөгөө авч байсан уу? Та дээд зиндаандаа жин багатай бөхөд тооцогдоно. Жингээ нэмэх бодол байгаа юу?

Аонишики – Шишиг багаасаа мэддэг байсан. Тэрээр Украины анхны цолтой бөх. Сүмод анх орж байхдаа бага зэрэг ярьдаг байсан. Сүмо бол өрсөлдөөний ертөнц. Одоо нэг зиндаанд барилдаж байгаа болохоор өрсөлдөгч гэсэн үг. Нэг их ярьдаггүй. Цаашдаа харин илүү дотно больё гэж бодож байгаа. Жингийн хувьд 10 кг нэммээр байгаа. Гэхдээ хүчээр идэхэд хэцүү болоод ирсэн.

– Энэ сар Их Британийн Лондонд башё болно. Юу бодож байна?

Аонишики – Анх удаа Лондонд очих гээд их баярлаж байгаа. Сүмогоо англичуудад танилцуулж, өөрөө ч сайн барилдаж, өөрийгөө харуулмаар байна. Европынхон кимоно өмсгөлтэй хүн үзээгүй байх. Тиймээс тэдэнтэй ярьж, харьцмаар байгаа.

-Өдрийн дэглэмээ танилцуулаач. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Хобби?

Аонишики – Өглөө 7 цагт босоод 8 цагаас бэлтгэл хийнэ. Гурван цаг бэлтгэл хийгээд хоол иддэг. Дараа нь бүгд ундтаг ч би өдөр унтддаггүй. Танхимд очиж, хүчний дасгал хийдэг. Тэгээд оройн хоол. Чөлөөт цагаа унтаж амрах, бас найзуудтайгаа хамт хоол идэх зэргээр өнгөрөөдөг. Амралтын өдрөөр удаан унтах дуртай. Саунад сууж, тайвшрах сайхан байдаг.  

- Танай ояката маш уран барилдаантай бөх байсан. Ямар хүн бэ? Та ч гэсэн Уран барилдааны шагнал хоёр удаа авлаа. Багш ямар нэг тусгай юм заадаг уу?  

Аонишики – Багшийнхаа барилдаж байсан үеийн бичлэгийг их үздэг. Бэлтгэл дээр маш их зүйл заадаг. Юу зөвлөдөг, ямар тусгай юм заадгийг хэлэхгүй, өрсөлдөгчид сонсчихно. Жирийн амьдрал гээд бүх зүйл дээр зөвлөгөө авдаг. Миний хувьд их чухал хүн. Өөр дэвжээнд байсан бол би ийм хурдан дэвшихгүй байсан гэж боддог. Оякатагийн ач тус.

– Сүмо бол их өрсөлдөөнтэй спорт. Ядарсан, гутарсан үедээ яаж сэргэдэг вэ? Ялагдсан тохиолдолд яаж сэтгэлээ засдаг вэ?

Аонишики – Хүн юм болохоор ядрах үе бий. Гол нь зорилго тавиад урагш зүтгэх. Хэцүү үе байгаа ч давж туулах нь миний ажил. Нэг башёд 15 өдөр барилддаг болохоор ялагдаад гутраад сууж байх зав байдаггүй. Маргаашийн барилдаандаа ялахад л болно. Их гутраад байдаггүй.

- Ёкозүна Хоошёорюүг олон удаа ялж, кинбоши авсан. Түүнийг ялдаг нууцаа хуваалцаач.

Аонишики – Оякатагаас асуувал дээр.

– Украинд сүмо хэр мэддэг вэ? Маш хурдан дээшилсэндээ гайхдаг уу? Цаашдын зорилго?

Аонишики – Украинд сүмо сайн мэддэг. Гэхдээ дан сүмо барилддаг хүн байхгүй. Чөлөөт бөх, жүдогоор хичээлэхийн зэрэгцээ сүмо барилддаг. Сонирхогчдын сүмогоор манай Украин их хүчтэй. Мэргэжилд ороод анхны зорилго минь жюүрёо байлаа. Харин одоо санякүд барилдаж байна. Ийм хурдан дэвшсэндээ өөрөө ч гайхдаг. Нэгэнт сүмоч болсных мэдээж ёкозүна болох зорилготой.

–Украинд байхдаа та сүмо бөхийн түүх мэддэг байсан уу? Одоо шүтдэг бөх байгаа юу?

Аонишики – Украинд байхдаа бага зэрэг судалдаг байсан. Гэхдээ хэл мэдэхгүй байсан тул хэцүү байлаа. Японд ирсэн хойноо илүү мэддэг болсон. Шүтдэг сүмоч байхгүй. Хэн нэгнийг дуурайхгүй, өөрөөрөө явна. Харин судалдаг сүмоч гэвэл Аминишики багш маань, 3 дахь Ваканохана аварга. Тэдний бичлэгийг их үздэг.  

– Хэзээ хамгийн сүүлд хэзээ Украинд харьсан бэ? Дахин хэзээ очих төлөвлөгөөтэй байна?

Аонишики – Японд ирснээсээ хойш нэг удаа хариагүй байгаа. Мэдээж нутагтаа харьмаар байна. Багадаа өссөн газраа очиж, найзуудтайгаа уулзах хүсэлтэй. Үргэлж ордог байсан хоолны газар гээд л. Төрөлх хотыхоо гудамжаар алхах хүсэлтэй.

-Гадаадын ихэнх сүмоч зодог тайлаад Японы иргэн болдог. Та энэ талаар юу боддог вэ?

Аонишики – Миний хамгийн дуртай зүйл минь сүмо. Зодог тайлаад ояката болмоор байна. Хэрэв ояката болж чадах юм бол иргэншлээ солих бодол бий.

-Англид украинчуудтай уулзах төлөвлөгөө бий юу?

Аонишики – Байхгүй. Уулзвал их баяртай байх болно.  

-Гадаад оронд амжилт олохын тулд юу хэрэгтэй байдаг вэ?

Аонишики – Өөрөө сонгосон зам болохоор би сүмог хэцүү гэж огт бодож байгаагүй. Өөрийн замаар явах нь чухал.

-Ирэх башёд сэкивакэ болно. Намрын тэмцээнээс харахад Ооносато, Шёодай гэсэн бөхчүүдэд түлхүүлээд шууд ялагдаж байсан. Яаж барилдвал ялна гэж бодож байна вэ?

Аонишики – Сүмо бөх спорт тул ялах, ялагдах зүйл үргэлж байна. Ялагдлаа гээд гүнзгий бодоод байдаггүй. Оякататайгаа яриад бэлтгэл хийж байхад ялах болно.

- Та өрсөлдөгч гэж хэнийг үздэг вэ? Вакатакакагэ мөн үү? Түүний барилдааныг судалдаг гэж сонссон.

Аонишики – Өрсөлдөгч гэж үздэг бөх байхгүй. Би өөрөө өөрийнхөө өрсөлдөгч, Өөрийгөө ялах хэрэгтэй. Украинд байхдаа Вакатакакагэг мэддэг байсан. Надтай адил биетэй хүн түрүүлж байна, би ч чадна гэж урам авч байсан.  

Нэрийн хуудас:

Даниил Явгусишин Аонишики нэрээр бөхийн гараагаа эхэлсэн. Аонишики нь安 – тайван, 青 - хөх, 錦 – торго гэсэн гурван ханзнаас бүтэж байгаа бөгөөд хөх гэсэн ханз нь Украины төрийн далбаа, мөн Даниилын цэнхэр нүдийг бэлгэдэж байгаа гэнэ. Японд амжилт олсон хүнийг гэртээ торгонд хучуулаад ирлээ гэж хэлдэг тул багш нь шавьдаа цолтой бөх болохыг бэлгэдэн өгсөн шикона юм. Явгусишин 6 настайдаа жүдо, 7 настайгаасаа чөлөөт бөх барилдсан. 2019 онд Осакад болсон сонирхогчдын сүмо бөхийн өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан. Германд тэмцээнд оролцож байхад нь Оросын цэрэг Украинд халджээ. Германаас 2022 оны дөрөвдүгээр сард Японд ирсэн. Сонирхогчдын ДАШТ-д танилцсан япон дасгалжуулагч нарын зуучлалаар Ажигава дэвжээнд дадлага хийж байгаад мэргэжилд орсон. 180 см өндөр, 136 кг жинтэй.

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.