Энэ сарын 15-нд болсон “W Korea” сэтгүүлийн жил бүр уламжлал болон явагддаг “Хөхний хорт хавдрын талаарх мэдээлэл олгох” хандивын үдэшлэг ард иргэдийн дургүйцлийг хүргэсэн талаар бид мэдээлсэн. Энэ шуугиан одоо ч намжаагүй, улам дүрэлзэн ассаар байна. Учир нь иргэдийн дургүйцлээс гадна хөхний хорт хавдар туссан олон хүн шүүмжилж байгаа юм.
Харин “W Korea” сэтгүүлийн газраас цахим сүлжээнд гарсан үдэшлэгийн талаарх бүх мэдээллийг устгаад таг чимээгүй болсон.
БНСУ-ын парламентын гишүүн, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн байнгын хорооны гишүүн И Су Жин хэд хэдэн тоо баримт ил болголоо. Энэ баримт ёсоор “W Korea” сэтгүүл 2007 оноос энэ жилийг хүртэл “Korea Breast Health Foundation” санд 315,69 сая вон л хандивласан байна. Хорин жил тасралтгүй хандивын үдэшлэг зохион байгуулж байгаа атлаа 2017-2023 онд нэг ч воны хандив өргөөгүй ажээ. Өнгөрсөн жил 125,30 сая вон өргөжээ. Тэгэхээр 20 жилд 1,1 тэрбум вон хандивласан гэдэг нь худлаа болж таарлаа.
Мөн хандивын үдэшлэгийг харахад анхнаасаа хөхний хорт хавдрын талаар ямар ч мэдээлэл тараах зорилго байгаагүй, ирсэн зочдыг харахад өөрсөдтэйгөө хамтран ажилладаг “өөрийн” алдартнуудтайгаа уух, цэнгэх хүсэлтэй байсан нь мэдэгдэж байна гэж шүүмжилж байгаа.
Ингээд энэ сарын 19-нд “W Korea” сэтгүүл албан ёсны мэдэгдэл гаргаж, ард түмнээсээ уучлал гуйлаа.
“Хөхний хорт хавдрын талаарх мэдлэг олгох, мэдээлэл тараах манай Love Your W’ арга хэмжээ 20 жилийн турш эрт илрүүлгийн ач тусыг танилцуулахаар хичээж ирсэн. Харин энэ сарын 15-нд болсон үдэшлэгийн талаар их шүүмжлэл гарч байгааг хүлээн авч байна. Юуны өмнө энэхүү хүнд өвчнөөр өвдсөн хүмүүс, тэдний гэр бүлээс хүлцэл өчиж байна. Бид энэ бүх арга хэмжээгээ “Korea Breast Health Foundation” сантай хамтран хийдэг билээ. Бид цаашдаа арга хэмжээний төлөвлөгөөнөөс эхлэн бүгдийг нарийн шалгаж байх болно. Уучлаарай. Хүндэтгэсэн W Korea” гэжээ.
