Өчигдөр шөнө АНУ-ын Лос-Анжелест “Academy Museum Gala 2025” үдэшлэг болж өнгөрлөө. Улаан хивсний ёслол дээр Пенелопа Крус, Charli XCX, Ким Кардашьян, Сидни Суини, Селена Гомес, Бенни Бланко, Эль Фаннинг, Женна Ортега, Кара Делевинь, Кендалл Женнер, Хейли Бибер гээд жинхэнэ дээд зэрэглэлийн одод алхсан юм. Оскарын наадамтай өрсөлдөхөөр том хүлээн авалт боллоо гэж шинжээчид дүгнэсэн.

Энэхүү арга хэмжээгээр музей, үзэсгэлэн, боловсролын төслүүдэд дэмжлэг үзүүлж, хандив өргөдөг. Энэ жил кино урлагт байгуулсан гавьяаг нь үнэлэн, жүжигчин Пенелопа Крус, найруулагч Вальтер Саллес, дуучин Брюс Спрингстин, жүжигчин Боуэн Янг нарыг шагналаа. Өнгөрсөн жил 11 сая ам.долларын хандив цуглуулж байлаа. Кино академийн музей нь 2021 онд Холливудад байгуулагдсан. Дэлхийн кино урлагт хамаарах 13 сая үзүүлэнтэй.




















