Бичээч: А.Амармэнд
Хүчирхэг дуугаралт, динамик шилжилт бүхий эхний цомгоороо Монголын амьд хөгжмийн ертөнц дэх сэтгэл хөдлөлийн хязгаарыг тодорхойлсон Mxrningstar “Эрх чөлөө” хэмээх хоёр дахь цомгоо сонсогчдод өргөн барьж байна. Эрх чөлөө гэсэн нэр өмнөх цомгийн цөм болсон хувь хүний хүсэл тэмүүлэл, дурсамж туршлага энэ удаад хамтын хүсэл тэмүүлэл, хамтын дурсамж болон өргөжин тэлсэн гэсэн дохио мэт уншигдана. Уран бүтээлчдийн хувьд амжилтад хүрсэн цомгийн дараа шинэ цомог дээр ажиллах яггүй хүнд даваа байдаг. Өмнөх амжилтаа даван гарахгүй юм гэхэд давтах, өөрсдийн олсон чиг замаа алдахгүй байхын зэрэгцээ өмнөхөө бас давтахгүй байх зэрэг олон хүнд шалгууртай нүүр тулдаг. Ямартай ч энэ цомгоороо Mxrningstar хүний ондоошил, хүсэл тэмүүллийн тухай эхэн үеийн уран бүтээлүүдийн сэдвээ эрх чөлөө, оршихуйн хүлээснээс ангижрахуйн дуранбайгаар нарийвчлан шинжсэн гэлтэй.
“Эрх чөлөө” нийт 11 дуунаас бүтнэ. Цомгийн үндсэн дэвсгэр нь өмнөх цомгийг бүтээх явцад төрсөн онгод сэтгэлээр нэхэгдсэн, “Хүн”-ий үргэлжлэл цуурай болсон гэлтэй. Бидний мэдэх Азаагийн хүчирхэг хоолой, эрчимтэй хэмнэл, динамик шилжилтүүдийн аль аль нь ч “Эрх чөлөө”-д үргэлжилнэ. Гэхдээ зарим дуун, тухайлбал, “Оршил”, “Уулын энгэрт” зэрэг бүтээл нь илүү намуун тайван, минимал мөчүүдээр чимэглэгдсэн нь сонсогчдод чөлөөтэй амьсгалах боломж олгож, өөрсдийнхөөрөө төсөөлөн бодох орон зайг үлдээжээ. Өөрөөр хэлбэл дуу чимээ зогсох ёстой газраа зогсож, чөлөөлөгдөх ёстой үедээ чөлөөлөгдөж байгаа нь анзаарагдана. Аниргүйн хүч зарим тохиолдолд дуу хөгжмийн хүчийг ч даван гарах нь бий.

Миний бодлоор Mxrningstar-ийн толгой эргэм амжилтын нэг шалтгаан нь тэд дуу биш өөрсдийн гэсэн ертөнцийг бүтээхийг зориж буйд оршино. Эхний дуу “Оршил“ нь тэдний бүтээсэн эрх чөлөөний орон зай руу сонсогчийг урин дуудах аниргүйн хөтчийн үүргийг гүйцэтгэнэ. Эндээс “Итгэл үнэмшил”, “Эрх чөлөө” гэсэн Mxrningstar-ийн нэрийн хуудас болсон хүчирхэг динамик бүхий дуунууд залган авна. “Хүн” цомгийн онцлох уран бүтээл нь “Хүн” бол “Эрх чөлөө” цомгийн хувьд тэр нь “Уулын энгэрт” байлаа. “Хүн”-ий нэгэн адил үндэсний аялгуугаар эхлэх ч цаашид амбиент уур амьсгалаар баяжиж, цоо шинэ ертөнц рүү урин дуудна. “Үзэхийн хязгаар”, “Сүнсний томьёо” зэрэг дуунаас нь Mxrningstar-ийн эрэл хайгуул илүү гүнзгийрч, хамтлаг эрийн цээнд хүрч байгаа нь харагдлаа. Харин өмнөх цомогтой харьцуулбал нэгдсэн нэг концепц “Эрх чөлөө”-д дутмаг санагдсаныг нуух юун.
Эцэст нь дүгнэхэд “Эрх чөлөө” Монголын энэ үеийн залуусын дотоод сэтгэлийн дүр зураг, ганцаардал, эргэцүүлэл, дотоод аяллын толь болжээ. Ингэхдээ хүн ба байгаль, өнгөрсөн ба эдүгээгийн холбох үүргээ ч орхисонгүй. Mxrningstar дотоод эргэцүүлэл, яруу найраг, хөгжим гурвыг нэгэн зэрэг сүлж, үүрд биш гэхэд богино биш хугацаанд цуурайтах чөлөөлөлтийн аялгууг бүтээжээ.