“Царьград” ТВ
Сүүлийн үед ОХУ-д гарсан хамгийн хачирхалтай хэргийн нэг нь Усольцевын гэр бүл сураггүй алга болсон хэрэг болоод байна. Одоо ч тэд олдоогүй хэвээр. Гэрийн эзэн 64 настай Сергей, эзэгтэй 48 настай Ирина, таван настай охин Арина. Тэд есдүгээр сарын 28-нд Кутурчин тосгоноос гарч, “Кутурчинское Белогорье” хэмээх ууланд гарахаар аялжээ. Сүүлийн цэг болох тосгонд ирээд тэд бусдыгаа хүлээсэнгүй, цасан шуурга болох гэж байна гэж анхааруулсан ч гурвуулаа үргэлжлүүлэн, яваад өгсөн байна. Хоёр хоног тэд холбоо бариагүй тул хүү нь Цагдаагийн газарт мэдэгджээ. Ингээд хайлт эхэллээ. Уулын бэлд тэдний машиныг олоход дотор нь бичиг баримт, мөнгө, хүүхдийн суудал, тоглоом нь байж байсан байна. Сайн дурынхан, аврагчид, мөрдөгч, цагдаа нараас гадна бүрэн хэрэглэлтэй 17 уулчин дуудаж, нийт 1500 хүний бүрэлдэхүүнтэйгээр өргөн хэмжээний хайлт явуулжээ. Дрон нисгэн, аврагчид хайсаар байна, гэвч ул мөр юу ч байхгүй.

Ингээд түүнийг гадаадад, тур тусмаа Монголд очиж, орогносон байх магадлалтай гэсэн сэжиг гарч ирлээ. Железногорск хэмээх хаалттай хотод 1990-өөд онд Америкийн янз бүрийн төсөл хөтөлбөр, идэвхжин, протестант номлогч нар олноор гарч иржээ. Тайгад алга болсон Сергей Усольцев “Олон улсын хөгжлийн төв” гэгч байгууллагатай, тэр үед шашны олон урсгал оруулах, Баруунаас хөрөнгө оруулалт татах ажил хийдэг байсан байна. 1990 онд тэрээр Железногорскийн залуучуудыг АНУ-д хэл сургахаар аялуулдаг байсан ч ихэнхдээ протестанууд оролцдог байв. 2000-аад оны эхээр Железногорск хотод Алексей Ледяев “Шинэ үе” хөдөлгөөн байгуулсан нь 2021 онд хориглогдсон байна. Гэхдээ тус хөдөлгөөн нэрээ өөрчлөөд одоо болтол байгаа ажээ. “Аргументы и факты” сонинд бичсэнээр алга болохоосоо өмнө Сергей Усольцев санхүүгийн хүндрэлд ороод байжээ. Будгийн үйлдвэр нь ашиг орлогогүй, улсаас авсан зээл гээд өр ихтэй. Ингээд тэр гэр бүлээ аваад Кутурчин тосгоны ойролцоо алга болсон. Энэ тосгоноос Монгол орох зам байдаг гэнэ.

Өр ширнээсээ зугтах гэж Монголд очсон байх магадлалтай. Монгол дахь шашны нэгэн урсгалынхантай тэр ажил хэргийн холбоотой байсан гэнэ. Ер нь бол сект гэж хэлэхэд болно. Кутурчинаас Монголын хил хүртэл 1000 км зайтай, 12-14 цагт очиж чадна. Хил дээр шашны байгууллагынхан туслаад Монголд орсон. Монголоос бичиг баримт ашиглаад ертөнцийн аль ч хязгаарт очиж болно.
