Дэлхийд өнөө цагт 92 настай Ерөнхийлөгч улс орноо удирддаг гэж итгэхэд бэрх. Үеийнхэн нь хэдийн тэтгэвэртээ суугаад, “хэвтээд” байж байхад энэ хүн ажлаа хийсээр байгаа юм. Ёстой л “төмөр биетэй хүн” гэлтэй.
Энэ бол Камеруны Ерөнхийлөгч Поль Бийя. 92 настайдаа тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, дахин 7 жил Ерөнхийлөгчийн албаа хашихаар боллоо. Ер нь бол 100 нас хүртлээ төрийн эрхэнд байна гэсэн үг. Поль Бийя 1982 оноос хойш найман сонгуульд дараалан, өвдөг шороодолгүй ялалт байгуулж байгаа, өөрөөр хэлбэл Камеруны улс төрийн Дархан аварга хүн. Энэ удаа тэр 53,66% санал авсан.

Сонгууль аравдугаар сарын 12-нд явагдаж, Дээд шүүхээс 27-нд албан ёсны дүнг танилцууллаа. Сонгууль ямар ч будлиангүй, амгалан тайван байдалд явагдлаа гэж Сонгуулийн комисс мэдээлжээ. Сонгуулийн өмнөх сурталчилгаагаа Бийя бараг хийгээгүй. Ганцхан удаа цуглаан хийж, 10 хоног Европт байсан. Түүнтэй есөн хүн өрсөлдсөний хоёр нь сайдын албаа орхин, сонгуульд оролцсон Бийягийн холбоотнууд байсан юм.
Гол өрсөлдөгч, сөрөг хүчний удирдагч Мориса Камтог (71 нас) Шүүхээс энэ удаагийн сонгуульд оролцуулаагүй. 2018 онд болсон сонгуулийн дараа Камто дүнг эсэргүүцэж, олон нийтийн үймээн дэгдээж байсан гэжээ. Энэ жилийн гол өрсөлдөгч нь болох Чирома Бакари өөрийгөө ялсан гэж зарласан ч албан ёсны дүнгээр 35,2% санал авчээ. Сөрөг хүчнээс Дээд шүүхийг сонгуулийн дүнг хуурамчаар гаргалаа гэж буруутгаж байгаа юм. Гадаад оронд амьдардаг камернучууд ихэнх нь сөрөг хүчнийг дэмжсэн байлаа. Чирома: Ази, Ойрхи Дорнодод 68,21%, Европт 62,79%, АНУ-д 66,75% санал авсан байв.
Камеруны ард түмний ихэнх хувь Бийягаас өөр төрийн тэргүүн үзээгүй. Учир нь Камеруны 30 сая иргэний 60 хувь нь 25-аас доош насны залуус байна. Одоо Камерунд ажилгүйдэл, ядуурал нүүрлээд байгаа. 15-35 насны иргэдийн 40 хувь нь ажилгүй.
Харин залуучуудын зовлонг 92 настай Ерөнхийлөгч ойлгох болов уу?
