Монголчуудын тэсэн ядан хүлээж байсан Netflix-ийн “Physical: Asia” реалити шоуны эхний хэсэг өчигдөр гарч, монголчуудыг баясгаж, омогшууллаа. Азийн шилдгүүдийн анхны “тулаанд” БНСУ, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппин гэсэн найман орны тамирчид өөрийн спортын төрөл төдийгүй улс эх орныхоо нэр хүндийн төлөө өрсөлдөж байна. Эхний хоёр даалгаврыг харахад үнэхээр хүний бие сэтгэлийн хязгаарыг харуулсан тун хэцүү, өрсөлдөөн болж байна.

Эхний хэсгийг үзсэн үзэгчдийн сэтгэгдлийг харахад нэгэн тамирчин тун их таалагджээ. Үнэхээр энэ эрхэм “Physical: Asia” реалити шоуны од, хамгийн хөгжилтэй, хамгийн хүчирхэг нь ч байж чадлаа. Энэ бол Тайландын багийн гишүүн Rusameekae Fagerlund. Нээлтийн ёслол дээр Фагерлунд өндөр өсгийт углаад гарч ирж, бусдыгаа гайхуулсан.

Дараа нь Солонгосын багтай өрсөлдөхдөө тэрээр “Хэрэв Солонгост кимчи байгаа бол бидэнд сомтам байна. Солонгост “Korean Air” байгаа бол манайд “Thai Airways” байна. Хэрэв Солонгост BLACKPINK-ийн Жисү байгаа бол бидэнд BLACKPINK-ийн Лиса байна" хэмээн хэлж, олныг хөгжөөсөн билээ.


Rusameekae Fagerlund гэж хэн бэ?
Юуны өмнө хэлэхэд волейболчин байсан хүн. Маш хүчтэй цохилттой гэж нутагтаа алдаршиж байжээ. Урлагийн ертөнцөд шилжээд хэд хэдэн кинонд дүр бүтээсэн жүжигчин хүн. Телевизийн цэнгээнт нэвтрүүлэгт байнга оролцдог, хошин шогийн өндөр мэдрэмжтэй. Фагерлунд “Physical: Asia” шоунд алиа хошин гэдгээрээ төдийгүй хүч чадлаараа гайхагдсан. Өрсөлдөгчид нь 50 кг хайрцагтай ачааг хоёулаа өргөж байхад Жеймс ганцаараа өргөөд явж байлаа. Багийнхаа төлөө өөрийгөө хайрлахгүй, хичээн зүтгэж, тун эерэг зан ааштай нь хүмүүст ихэд таалагджээ.

Жеймс Фагерлунд 1986 оны наймдугаар сарын 5-нд төрсөн. Тайланд-Сенегал гаралтай. 2024 оны “Miss Grand Chiang Mai” титмийг хүртсэн. Тэрээр 10 нас хүртлээ Пукетэд амьдарч байсан. Ээж нь дахин гэрлэсэн тул Шведэд шилжин амьдрах болжээ. Зочид буудлын чиглэлээр боловсрол эзэмшсэн тэрээр Гоо сайхны барааны дэлгүүрт ажиллаж, удалгүй Тайландад ажиллах боломж олдсон байна. Шведэд буцаж ирээд Жеймс янз бүрийн арга хэмжээ хөтөлдөг, нэлээд алдартай болоод байлаа. Энэ үед тэрээр Тайландын хошин шогийн жүжигчин Саксит Тангтонгийн аяллын хөтчөөр ажиллажээ. Түүний авьяасыг олж харсан Саксит Тайланддаа эргэн ирж, цэнгээнт нэвтрүүлэгт орж байхыг зөвлөсөн байна. Ингээд л түүнд кино, тайз, телевизийн ажлууд ээлж дараалан ирдэг болжээ.
Жеймс Тайландын волейболын лигийн “Diamond Food Fine Chef-Air Force” багт тоглож байсан.

