Английн “Ноттингем Форест” баг өнгөрсөн амралтын өдрүүдэд дасгалжуулагч Ангелос Постекоглуг ажлаас нь халлаа. Австрали эр 2025 оны есдүгээр сард ажлаа хүлээн аваад сар гаруй ажиллаад халагдсан юм. “Ноттингем” баг түүний удирдлага дор найм тоглож, зургаа хожигдоод байлаа. Ингэхэд өөр ямар алдартай дасгалжуулагч одоо ажилгүй, гэртээ амарч байгаа билээ?
Шави

Шави 2024 оны тавдугаар сараас хойш ажилгүй байгаа. “Барселона” багтайгаа аварга болж, Испанийн цомын эзэн болсон ч тэр явах болсон. Тоглогч байхдаа жинхэнэ найруулагч, талбайг тэр чигээр нь хардаг байсан Шавиг шилдэг дасгалжуулагч болно гэдэгт бүгд итгэдэг. Энэ хавар, зун гэхэд л түүнийг Саудын “Аль-Ахли”, “Аль-Иттихад”, Германы “Байер”, Английн “Манчестер Юнайтед”, Оросын “Спартак” багууд сонирхсон ч бүгд татгалзсан хариу авсан. Ер нь арчаагүйдээ ажилгүй байгаад байгаа юм биш. Маш том гэрээ хүлээж байгаа мэргэжилтэн.
Гарет Саутгейт

Саутгейт нйаман жил Английн шигшээ багт ажилласан. Евро-2024 тэмцээний дараа ажлаа орхиж, одоо болтол “амарч” байгаа. Түүний талаар “уйтгартай хөлбөмбөг” тавьдаг гэсэн яриа байдаг тул одоогоор урилга ирэхгүй байна. Рубен Аморим баларвал оронд нь Гаретыг “МЮ”-д авна гэж байсан ч “Манчестер Юнайтед” баг сэргэж эхэлсэн тул дахиад хэдэн жил хүлээх хэрэгтэй болжээ.
Тьяго Мотта

Дундаж багт сайн ажиллаж байсан Моттаг тушаал дэвшүүлээд “Ювентус”-д аваад ирсэн. ЮВЕ нэг их муу тоглоогүй ч аваргын цомын төлөө өрсөлдөөгүй болохоор түүнийг 2025 оны гуравдугаар сард халсан билээ. Өөр ажилд орох гэхээр Мотта одоо болтол “Ювентус” багтай гэрээтэй, цалингаа авсаар байгаа гэнэ. Испанийн “Реал Сосьедад” баг түүнийг сонирхож байгаа.
Зинедин Зидан

Зидан 2021 оны тавдугаар сард Мадридын “Реал” багаа орхисноос хойш ажилгүй байгаа. Түүнийг янз бүрийн баг урьсан ч Зизи татгалзсан хэвээр. L’Equipe-д бичсэнээр Зидан 2026 оны ДАШТ дуусахыг хүлээж байгаа гэнэ. Францын шигшээгээс Дидье Дешам явахад Зизи оронд нь орно гэсэн яриа бий. Гэхдээ Зидан зүгээр суудаггүй, том лигийн тоглолтуудыг үзээд шинжилгээ хийсээр байгаа. Магадгүй ирэх жил Францын шигшээг удирдах биз ээ.
Лучано Спаллетти

“Наполи”-д тун амжилттай байсныхаа дараа Спаллетти шигшээ багт хоёр жил ажиллаад 2025 оны зургаадугаар сард халагдсан. Энэ нь маш том шок болжээ. “Шигшээ багаас халагдсан минь сэтгэлээс хэзээ ч гарахгүй. Би шөнө ч унтаж чадахгүй байна. Энэ шарх намайг амьдралын турш мөрдөх байх” гэж хэлж байлаа. “Фенербахче” баг Жозе Моуриньог халаад түүнийг урьсан ч Лучано Турк явахаас татгалзсан. Харин ЮВЕ баг Игорь Тудорыг халсны дараа Туринд очих боломж гарч ирээд байна.
Эрик тен Хаг

Энэ улирлын дасгалжуулагч нарын хямралын эхлэлийг тавьсан явдал байлаа. Тен Хаг ердөө эхний хоёр тойргийн дараа “Байер” багаас халагдсан. Тоглогчидтойгоо санал нийлэлгүй, баг задарсан тул багийн удирдлага түүнийг халахаар шийдсэн юм.
Марко Розе

“РБ Лейпциг”-т 3 жил болсны дараа тэр амарч байна. Уг нь “Байер”, “Монако” багууд түүнийг сонирхсон ч өөр дасгалжуулагч сонгосон. Урилга хүлээсээр л.
Роберто Манчини

2023/2024 оны улирал Саудын Арабын шигшээг удирдаад Азийн Цомд ялагдаж, ДАШТ-ий эрхийн тэмцээнд балраад 2024 оны аравдугаар сард халагдсан.
Лоран Блан

Лоран Блан “Аль-Иттихад” багийг өнгөрсөн улиралд аварга болгосон. Гэтэл багийн дарга нар түүнийг шинэ улирал эхлээд 4 тойргийн дараа халж орхисон. Гэхдээ түүнийг Францад олон баг хүлээж байгаа.
Ади Хюттер

Францын “Монако” энэ сарын 10-нд Адиг халсан. Уг нь баг нь хүснэгтийн дээд хэсэгт байгаа ч сүүлийн 5 тоглолтод ганц ялсан нь нөлөөлжээ.
