АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан Ордонд Төв Азийн төрийн тэргүүдийг хүлээн авч уулзлаа. "C5+1” энэхүү дээд хэмжээний уулзалтад Казахстан, Кыргызстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан улсуудын Ерөнхийлөгч болох Касым-Жомар Токаев, Садыр Жапаров, Эмомали Рахмон, Сердар Бердымухамедов, Шавкат Мирзиёев нар иржээ.

“АНУ + Төв Ази” уулзалт 2015 оноос явагдаж байгаа ч ийм дээд хэмжээний уулзалт анх удаагаа болж байгаа нь энэ юм. Олон улсын шинжээчид Дональд Трамп Төв Азийн байгалийн баялгийг ОХУ, БНХАУ-д алдахгүйн тулд яаралтай арга хэмжээ авч байна гэж дүгнэж байна. Энэ бүс нутагт Орос, Хятад улсууд эртнээс нөлөөгөө тогтоосон. Одоо харин АНУ өөрийн орон зайг бэхжүүлэх гэж хичээж байгааг харж болно.
“АНУ тус бүс нутгийн ашигт малтмал, эрчим хүч, худалдааны салбарт нэвтэрч, геополитикийн өрсөлдөгчдөө даван гарахыг хүсэж байна” Reuters
“ОХУ-ын цэрэг Украинд халдсанаас хойш Төв Азид Оросын нөлөө багассан. Энд Хятад гэсэн маш том тоглогч гарч ирээд байгаа. Барууны орнууд Төв Азийн байгалийн баялгийг ихэд сонирхож байна” AFP
Хамгийн гол нь Төв Ази газрын ховор металлын том нөөцтэй, мөн урантай. Дэлхийн ураны олборлолтын 40 хувийг Казахстан дангаараа эзэлдэг. Узбекистан ч гэсэн дэлхийн уран олборлолтоор дэлхийд эхний тавд багтдаг орон. Ураны найдвартай нийлүүлэгчтэй болох нь АНУ-д маш хэрэгтэй байгаа. Үүнээс гадна Узбекистан алтны маш том ордтой, Туркменистан байгалийн хийгээр баялаг, Кыргызстан, Тажикстан улсууд ч уул уурхайн салбараа эрчимтэй хөгжүүлж байна. Энэхүү таван СТАН-ы эрчим хүчний салбарт ОХУ нөлөөгөө тогтоож, цөмийн цахилгаан станц барьж байгаа бол Хятад улс дэд бүтцэд нь маш их хэмжээний хөрөнгө оруулж байна. Харин Трамп татварын хөнгөлөлт, виз, худалдааны хөнгөлөлт гэсэн аргаар давуу эрх олж авахыг хичээх болно. Хүний эрхийг хамгаалагч олон улсын байгууллагууд Трампын Засгийн газарт хандан, эдийн засгийн эрх ашгийн төлөө ардчиллаа мартаж болохгүй хэмээн уриалж байгаа юм.
