Ким Кардашъяныг реалити шоуны од гэдгээр нь хүмүүс түлхүү мэддэг. Түүний 2019 онд байгуулсан “Skims” брэнд өнгөрсөн долоо хоногт 225 сая ам.долларын шинэ хөрөнгө оруулалт татаж, 5 тэрбум ам.долларын үнэлгээтэй компани боллоо. Үүгээр зогсохгүй энэ хөрөнгө оруулалт Ким Кардашъяны хувийн хөрөнгийг 200 сая ам.доллараар өсгөжээ.
Forbes сэтгүүлийн тооцоолсноор Ким Кардашъяны нийт хөрөнгө 1.9 тэрбум ам.доллар болжээ. 2019 онд байгуулагдахдаа тус брэнд зөвхөн онлайнаар үйл ажиллагаа явуулдаг, зорилтот хэрэглэгчид рүү чиглэсэн брэнд байсан бол өдгөө АНУ, Мексикт нийт 20 салбар дэлгүүртэй болж өргөжжээ. “Skims” ойрын жилүүдэд салбар дэлгүүрүүдээ олшруулж, дэлхий даяар түгээхээр зорьж байгаа бөгөөд шинэ хөрөнгө оруулалтууд ч дэлгүүрийн тоог нэмэгдүүлэхэд чиглэж буй. Анх биеийн галбир засах дотуур хувцсаар нэрд гарсан уг брэнд өнөөдөр даашинз, дасгалын хувцас, цаашлаад хүрэм, эрэгтэй хувцас гаргах хүртэл өргөжин тэлсэн. Ким Кардашъян “Skims” брэндийн хамтран үүсгэн байгуулагч, бүтээлч захирлаар ажилладаг.

“Бид салбартаа шинэ инновацийг нэвтрүүлэгч хэвээр байж, шинэ стандарт, босгыг тогтоох энэ аяллын дараагийн шат руу Skims-ийг ахиулахыг тэсэн ядан хүлээж байна. Брэндийнхээ бүтээлч захирлын хувьд бүх дизайн, сурталчилгаа, кампанит ажлыг өөрөө гардан хийдэг. Энэ бол миний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг.”

Тэдний хамгийн сүүлд татсан том хөрөнгө оруулалт нь 2023 онд байсан ба тухайн үед брэндийн үнэлгээ 4 тэрбум ам. долларт хүрээд байсан юм. Энэ оны хоёрдугаар сард “Skims” брэнд “Nike”-тай хамтарч эмэгтэйчүүдийн дасгалын хувцасны ‘’NikeSkims’’ цуглуулгыг танилцуулсан бөгөөд ирэх пүрэв гарагт оймс, дасгалын бээлий, бүс зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаар зэхэж байна. Компанийн жилийн цэвэр ашиг энэ жил 1 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж буй нь өнгөрсөн жил 750 сая ам.доллар байсан үзүүлэлтээс эрс өссөн дүн юм.
