UBLife Logo
Загвар
Мет Гала 2026 ёслолын сэдэв зарлагдлаа | Костюм Арт

Мет Гала 2026 ёслолын сэдэв зарлагдлаа | Костюм Арт

Жил бүр Мет Гала ёслолд хүрэлцэн ирсэн зочдын хувцаслалт, гоёл зүүсгэл загварын салбарт дурлагсдын ярианы сэдэв болдог билээ. Тэгвэл ирэх жилийн ёслолын сэдэв “Костюм Арт” байх бөгөөд дресс код гэх ойлголтыг шинэ түвшинд ахиулж байна. Энэ сэдэв нь Метрополитан музейн сан хөмрөг дэх хувцасласан баримлуудаас эхтэй ажээ.

Мет Гала ёслол бол Метрополитан музейн харъяа “Урлагийн хувцасны хүрээлэн”-гийн санхүүжилтийг босгодог, жилийн хамгийн том арга хэмжээ. Учир нь уг хүрээлэн Метрополитан музейд харъяалагддаг цорын ганц өөрийн төсөвгүй хэлтэс юм. Тиймээс үзэсгэлэнгийн бэлтгэл ажил, судалгаа, урлагийн бүтээлүүдийн хадгалалт, гэрэлтүүлэг, бүтээн байгуулалт бүгд Мет Гала ёслолоос босгосон хандиваар санхүүждэг. Мөн жил бүрийн ёслолд хувь хүмүүс, алдартнуудаас гадна брэндүүд ч тусгай хандив өгдөг бөгөөд ирэх жилийн үзэсгэлэнг Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос, түүний эхнэр Лаурен Санчез Безос, Saint Laurent болон Conde Nast брэндийн дэмжлэгээр хэрэгжүүлэхээр зэхэж байна. Метрополитан музейн жилийн гол үзэсгэлэн нь Мет Гала ёслолын сэдэвтэй шууд уялддаг. 

“Костюм Арт” үзэсгэлэн өрнөдийн урлагийн хэв шинжийг онцлох бөгөөд 200 урлагийн бүтээл, баримлыг 200 кутюр хувцас, гоёл чимэглэлтэй хоршуулах юм. Үзэсгэлэн урлагт хамгийн түгээмэл дүрслэгддэг нүцгэн, янз бүрийн галбирыг дүрслэсэн баримлууд, ихэвчлэн орхигддог жирэмсэн хүний, мөн өтөлж хөгширсөн биеийн баримал, бүхий л амьд оршихуйд хамаарах анатомын баримлууд гэсэн гурван дэд ангилалтай байна. Товчхондоо баримал, урлагийн бүтээл болон загвар хоёрын огтлолцол болно гэдгээрээ энэ жилийн үзэсгэлэн онцлог байх юм. 

Уламжлалт байдлаар, “Урлагийн хувцасны хүрээлэн”-гийн үзэсгэлэнгүүд хувцас, гоёл чимэглэлийн гоо сайхныг голчлон харуулдаг ба манекенууд хувцасны араас анзаарагдахгүй шахам байдаг байв. Харин “Костюм Арт” үзэсгэлэнгийн куратор Эндрю Болтон энэ ойлголтыг эрс өөрчилж, хүний бие хувцас хоёр эгнэгт холбоотой гэдгийг онцлоно гэдгээ мэдэгджээ. Мөн Метрополитан музей цаашид бодит хүмүүсийн биеийн хэвээр манекен, баримал цутган, илүү бодит дүрслэлийг бий болгохоор зорьж байна. Ингэснээр уламжлалт гоо зүйн ойлголт, стандартуудыг эрс өөрчилж, эгэл хүмүүсийн олон янзын, харилцан адилгүй дүр төрхийн гоо сайхныг нийтэд таниулах ажээ. 

Үзэсгэлэнгийн куратор Эндрю Болтон

“Хувцас хүний оршихуйгаараа, биеэрээ мэдэрсэн туршлага дээр оршин тогтдог. Загварыг урлагийн бүтээл болгохын тулд хүний биеийг анзааралгүй орхигдуулах бус чухалчлах ёстой гэдэг нь энэ үзэсгэлэнгийн гол санаа.”

-Эндрю Болтон

Ирэх жилийн “Костюм Арт” үзэсгэлэн нь 2026 оны тавдугаар сарын 10-нд нээлтээ хийж, 2027 оны нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ. Харин Мет Гала ёслол 2026 оны тавдугаар сарын 4-нд болохоор товлогджээ. Үзэсгэлэн мөн Метрополитан музейн Их танхимын дэргэдэх 12,000 хавтгай дөрвөлжин талбайтай Condé M. Nast галерейн нээлттэй зэрэгцэн болох аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.