UBLife Logo
Дэлхий

Украины дайныг зогсоох АНУ-ын төлөвлөгөөнд юу байна вэ?

Украины дайныг зогсоох АНУ-ын төлөвлөгөөнд юу байна вэ?

Өнгөрсөн Пүрэв гаригт хэвлэлээр АНУ-ын Энхийн төлөвлөгөөний хэсэг цацагдаж эхэлсэн билээ. Украин улс маш том газар нутгийг ОХУ-д алдана, мөн НАТО-д элсэхээс татгалзана, ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг цуцална гэх мэт мэдээллүүд гарсан юм. Гэхдээ Вашингтон анх удаа Украинд аюулгүй байдлын баталгаа албан ёсоор өгөх болсон ажээ. Гурван улсын холбогдох албанаас энэ мэдээллийг батлаагүй ч, үгүйсгээгүй. Ингээд “Financial Times” дээр гарсан дээрх төлөвлөгөөнд юу байгааг харцгаая. Нийт 28 заалттай.  

1. Украины тусгаар тогтнолыг дэмжинэ.

2. ОХУ, Украин, Европын хооронд харилцан үл довтлолцох гэрээ байгуулна.

3. ОХУ хөрш орнууд руу халдахаа зогсоох бол НАТО шинээр гишүүн элсүүлэхгүй.

4. ОХУ, НАТО-той АНУ-ын зуучлалаар аюулгүй байдлын яриа, хэлэлцээр хийнэ.

5. Украин улс аюулгүй байдлын найдвартай хамгаалалтад орно.

6. Украины Зэвсэгт хүчний тоо хэмжээ 600 мянгаас давахгүй.

7. Украин улс Үндсэн хуульдаа ямар нэг эвсэлд элсэхгүй гэдгээ баталгаажуулна. Харин НАТО Украиныг гишүүнээр элсүүлэхгүй гэдгээ дүрэмдээ зааж өгнө.

8. НАТО Украинд цэргээ байрлуулахгүй.

9. Европын сөнөөгч онгоцнууд Польшид байрлана.

10. АНУ-ын баталгаа:

a) АНУ баталгаа гаргасныхаа төлбөрийг авна.

б) Хэрэв Украин улс ОХУ-д халдвал баталгаагаа алдана.

в) Хэрэв ОХУ Украинд халдвал цэргийн сөрөг арга хэмжээ авахаас гадна бүх төрлийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх болно.

г) Хэрэв Украин улс ямар нэг шалтгаангүйгээр Москва, Санкт-Петербург хотуудад пуужин харвавал аюулгүй байдлын баталгааг хүчингүй болгоно.

11. Украин улс Европын холбоонд элсэх эрхтэй.

12. Украиныг сэргээн босгоход АНУ, Дэлхийн банк тусламж үзүүлнэ.

13. ОХУ-ын хоригийг цуцалж, “Их Найм”-д эргүүлэн оруулах.

14. Гадаадад царцаагдаад байгаа ОХУ-ын хөрөнгөөс 100 тэрбум ам.долларыг Украины сэргээн босголтод зарцуулна. АНУ энэ төслийн орлогын 50 хувийг авна.

15. Гэрээг батлан дагах үйл явцад хяналт тавих ОХУ, АНУ-ын ажлын хэсэг байгуулна.

16. Орос улс Европ% Украинд халдан дайрахгүй гэдгээ хуулиар баталгаажуулна.

17. АНУ, ОХУ нь цөмийн зэвсгийг хянах, дэлгэрүүлэхгүй байх гэрээгээ сунгана.

18. Украин улс цөмийн зэвсэггүй улс гэдгээ зөвшөөрнө.

19. Запорожийн цөмийн станцын үйл ажиллагааг МАГАТЭ хянаж, эрчим хүчийг нь Орос, Украинд тэнцүү хуваарилна.

20. Хоёр улс сургуулийн хөтөлбөртөө арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг төсөл нэвтрүүлнэ.

21. Газар нутгийн буулт хийх талаар:

а) Крым, Луганск, Донецк мужууд Оросын де-факто хэлбэрээр оршин тогтноно.

б) Херсон, Запорож мужид одоогийн фронтын шугамаар хилийг тогтооно.

в) ОХУ мэдэлдээ авсан Украины бусад газар нутгаас татгалзана.

г) Украин улс цэргээ Донецк мужаас гаргана. Энэ бүс нутгийг цэрэггүй бүс болгоно. ОХУ-ын нутаг гэж үзэх ч Оросын цэрэг орохгүй.

22. Газар нутгийн гэрээг байгуулсны дараа хоёр улс хүчээр хилийн шугамыг өөрчлөх гэж оролдохгүй.

23. Орос улс Украинд Днепр мөрнийг ашиглахад саад болохгүй. Хар тэнгисээр үр тариа чөлөөтэй зөөх ёстой.

24. Олзны цэрэг солилцох, хоригдсон энгийн иргэдийг суллаж, хүүхдүүдийг эх оронд нь буцаах Хүмүүнлэгийн хороо байгуулна.

25. 100 өдрийн дараа Украинд сонгууль хийнэ.

26. Энэ дайнд оролцсон бүх талууд бүрэн өршөөлд хамрагдаж, дахин нэг нэгэндээ гомдол тавьж, шүүхэд хандахгүй.

27.Энэхүү гэрээний биелэлтийг Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүтэй Энхийн зөвлөл  хянана.

28. Энэ гэрээнд талууд гарын үсэг зурсны дараа бүх гал зогсоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.