АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ард түмэндээ хандан, үг хэллээ. Цагаан ордны Зул сарын баярын чимэглэлтэй индрийн ард зогссон тэрээр өөрийн хийсэн ажлын амжилтын талаар хүүрнэсэн юм.
“11 сарын өмнө би маш замбараагүй, жинхэнэ дампуу зүйл хүлээн авсан, удахгүй бүрэн засах болно” Трамп
Трампын үгийн ихэнх хэсэг нь түүний Засгийн газрын эдийн засгийн ололт, амжилт байлаа. Тэд үнийн өсөлтийг зогсоож, ард түмнээ аварсан гэсэн бөгөөд үнийн өсөлтөд өмнөх Ерөнхийлөгч Жо Байден болон ардчилагчдыг буруутгасан юм. Илтгэлдээ Жо Байденыг нийт 7 удаа нэр цохон дурдсан.
“Бидний удирдлага дор бүх барааны үнэ маш эрчтэй буурч байна. Ардчилсан намынхан хүнсний үнийг хэт өсгөснийг бид засаж байгаа” Трамп
Трамп сонгуулийн өмнөх сурталчилгаандаа өмнөх засгийн газрын алдаатай бодлого, эдийн засгийн хямрал, инфляцийг ашиглаж, нэлээд оноо авсан. Гэхдээ одоо түүний татварын тодорхойгүй бодлогын улмаас юмны үнэ дахиад өсөж эхэлсэн тул Америкийн ард түмэнд итгэл төрүүлэхэд хэцүү байх болов уу.
Трампын үед өндөг, шатахууны үнэ үнэхээр буурсан ч хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар иргэдийн ажлын байраа алдах, амьдралын өртөг нэмэгдэх нь гэсэн айдас нэмэгдсэн нь тодорхой болсон. Reuters/Ipsos-ийн хамгийн сүүлийн судалгаагаар Трампын эдийн засгийн бодлогыг насанд хүрсэн америкчуудын 33 хувь нь л дэмжиж байгаа ажээ.
“Жилийн өмнө манай орон үхчихсэн байсан. Харин одоо дэлхийн хамгийн халуун улс болоод байна. Би 18 их наяд ам.доллар оруулж ирснээр шинэ ажлын байр үүсэж, үйлдвэр, завод барих болно. Ирэх жил манай татварын бодлогын ач тус, Холбооны нөөцийн сангийн дарга солигдсоноор амьдралын нөхцөл улам сайжирна” Трамп
Ирэх долоо хоногт АНУ-ын 1,45 сая цэргийн албан хаагчдад тус бүр 1776 ам.доллар өгнө. Яагаад 1776 гэхээр АНУ-ын Тусгаар тогтнолын баримт бичиг батлагдсан 1776 оныг сонгожээ.
“Ирэх жил дэлхий дахин биднийг урьд өмнөхөөс илүү хүндэлсэн харцаар харах болно. Үнэнч шударга ард түмэнтэй Америк улсыг хараад тэд атаархах болно” Дональд Трамп

