АНУ-ын Засгийн газраас Олон улсын эрүүгийн шүүхийн хоёр шүүгчийн эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ. “Гүржийн шүүгч Гоча Лорткипанидзе, Монголын олон улсын шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн нарыг Израилын эсрэг үйл ажиллагаа явуулсан учир ийм арга хэмжээ авлаа” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио зарласан байна.
Энэхүү шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын "Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг" №14203 дахь зарлигийг үндэслэн гаргасан байна.
Рубиогийн хэлснээр энэ хоёр шүүгч Израилын иргэдийг мөрдөн шалгах, баривчлах үйл ажиллагаанд шууд оролцсон, мөн Олон улсын эрүүгийн шүүхийн Израилын мэдэгдлийг хүлээн авахгүй байх санал асуулгад Израилын эсрэг санал өгсөн гэнэ.
АНУ, Израил улсууд Ромын гэрээнд нэгдээгүй тул ОУЭШ-ийг хүлээн зөвгшөөрдөггүй. Харин Олон улсын эрүүгийн шүүхээс “Энэхүү хориг арга хэмжээ нь хэнээс ч үл хамаарах шүүхийн халдашгүй байдалд заналхийлж, сүрдүүлсэн хэрэг” гэж эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулган 2023 оны 12-р сарын 4-14-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болоход Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн нийт гишүүн орнуудын олонхын саналаар Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон. Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр монгол хүн гурван удаа нэр дэвшин өрсөлдөж байсан бол ийнхүү анх удаа сонгогдсон бөгөөд эхний санал хураалтаар Д.Эрдэнэбалсүрэн ганцаараа 114 орны 81 санал авсан байна. Олон улсын эрүүгийн шүүх нь 18 шүүгчээс бүрддэг бөгөөд тэдгээрийн 6 нь 3 жил тутамд 9 жилийн хугацаатай сонгогддог. Д.Эрдэнэбалсүрэн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа 2024-2033 он хүртэл хэрэгжинэ.

