“Нараа бид хоёр үхрийн баас цэвэрлэж байх зуур түүний хэлсэн үг санаанаас минь огт гардаггүй юм. Тэр надаас юу хийдгийг минь асуухад нь би “Уг нь би аялж, эрэл хайгуул хийж, түүгээрээ кино хийдэг хүн. Гэхдээ үнэндээ өдрийн 6-7 цагийг компьютерийн өмнө сууж өнгөрүүлдэг дээ” гэхэд тэр “Хөөх, наадах чинь их хэцүү ажил байна даа. Хэзээ ч миний хийж чадахгүй ажил байна” гэж хариулсан” хэмээн Крис Башинелли “voices.nationalgeographic.com”-д өгсөн ярилцлагадаа ярьжээ.
Зөвхөн хөрслөг бор арьс, хүчирхэг монгол бөхчүүдэд зориулагдсан зодог шуудаг өмсөн, хээв нэг суугаа энэ хүнхэр нүдтэй америк залуу бол “National Geographic” болон “PBS” телевизээр нэвтрүүлдэг “Bridge the Gap” телевизийн цувралын хөтлөгч юм. Нью-Йорк хотын Брүүклинд төрж өссөн Баш жүжигчин мэргэжлээ орхин дэлхийн өнцөг булан бүр дэх хосгүй соёлуудыг дэлхий дахинд танилцуулах зорилго өвөртлөн, үүргэвчээ үүрээд замд гарчээ. Түүний эрэл хайгуулч тэмүүлэл Башийг дэлхийн цээжинд орших мөнх хөх тэнгэртэй өргөн уудам тал нутаг руу хөтөлсөн байна.

Амьдралынхаа ихэнх хугацааг түм түжигнэсэн их хотод өнгөрүүлсэн Баш-д нүүдэлчин монголчуудын дунд амьдрах ямар байсан гэж та бодож байна? Монголд өнгөрүүлсэн нэг сарын хугацаанд тэр нэг л зүйлийг олж мэдэхийг хамгийн ихээр хүсэж байсан гэнэ. Нүүдэлчдийн соёл цаг хором бүрт хувьсан өөрчлөгдсөөр байгаа орчин үеийн нийгэмтэй хэрхэн зохицож “оршин тогтнож" буйг олж мэдэх нь түүний гол зорилго байв. “Монгол бол одоо хүртэл устаж үгүй болоогүй хамгийн эртний цөөн хэдэн нүүдэлчин соёлын нэг. Минут тутамд нүүдэлчин гэх ойлголт өөрчлөгдсөөр, магадгүй 10, 20 жилийн дараа тэс ондоо болох байх” хэмээн тэр ярьсан байна. Тэр Монголд өнгөрүүлсэн хугацаандаа үндэсний бөх, хүүхдийн даахь үргээх ёслол болоод малчдын өдөр тутмын амьдралд тохиох энгийн хэрнээ үнэ цэнэтэй хосгүй соёл, амьдралын хэв маягийг дүрс бичлэгт буулган дэлхий нийтэд дэлгэн харуулжээ. Түүний нэвтрүүлгүүдийг үзэх үед өөрийн мэдэлгүй уртаар санаа алдаж, бидний нүдэн дээр л устан үгүй болсоор байгаа хосгүй үнэт соёлоо дээдлэн бишрэх үе цөөнгүй гарах вий. Ингээд Крис Башинеллийн Монголд өнгөрүүлсэн нэг сарыг сонирхоцгооё.
Нүүдэлчин Монголчуудтай амьдрах нь
Монголчуудын даахь үргээх ёслол ба морин уралдаан
Яагаад нүүдэлчин гэж?
Крис Башинеллигийн фото зургуудаас





