Их Британид явуулсан судалгаагаар 16-40 насны эрчүүдийн 48 хувь нь коронавирусийн улмаас тогтоосон хөл хорионы үеэр биеийн галбираасаа болж сэтгэлээр унаж, шаналж буйг тогтоожээ. 2000 гаруй эрчүүдийг хамруулсан уг судалгаагаар эрчүүдийн 58 хувь нь хөл хорионы улмаас биеийн галбир нь өөрчлөгдөж, жин нэмж буйдаа санаа зовж, өөртөө итгэх итгэл нь багасч байгааг илэрхийлсэн байна. Ердөө 26 хувь нь л хэрхэн харагддагтаа сэтгэл өөдрөг байна гэжээ. Харин 21 хувь нь энэ талаар юм ярихыг хүсэхгүй байна гэж хариулжээ.

"Надаас бусад нь чийрэг биетэй"
"Хөл хорионы үеэр хүн бүхэн л инстаграмдаа дасгал хийж, улам чийрэг болж буй зургаа оруулж, гоё сайхан амьдралаа харуулдаг нь надад өөрийгөө голох сэтгэгдэл төрүүлдэг. Ганц нэг удаа гэртээ дасгал хийсэн ч тогтмол хийж чадахгүйгээс улам гутардаг. Хувцас таарахаа больж, шинэ хувцас авахыг хүссэн ч гадуур бүх дэлгүүр хаалттай шүү дээ. Ер нь их гутарч байна."
22 настай, Спенсер Күүпер
"Эрчүүдийн тухай яригддаггүй талбар"
"Хөл хорионы үеэр эмэгтэйчүүдийн туулж буй бэрхшээл, сэтгэл гутралын тухай хаа сайгүй л ярьдаг. Гэтэл эрчүүдийн гадаад үзэмж, биеийн галбирын тухай огт хөнддөггүй бөгөөд эрчүүдийг гадаад үзэмжээ огт тоохгүй байхыг албаддаг. Гэтэл хүн бүхэн сэтгэл зүй, бие махбодоо анхаардаг шүү дээ. Эр хүн гадаад үзэмжийнхээ тухайд чухалчлан хандахад хүмүүс шоолох хандлагатай байдаг нь бүр ч харамсалтай."
25 настай, Жэйми Лиан
"Чанга, булчинлаг эр хүн л хамгийн гоё"
Сошиал сүлжээнд дээрх хандлага маш түгээмэл байгаа нь янз бүрийн биеийн галбиртай эрчүүдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг. Эмэгтэйчүүд хөхний хэлбэр, биеийн галбираа чухалчлан авч үздэг атлаа эрчүүдийг ийм сэдэв хөндөхөд "Арчаагүй","Эр хүн шиг биш", "Аальгүй" гэх мэтээр ханддаг."
47 настай, Стиви Блэйн

"Инстаграм эрчүүдэд сэтгэл зүйн дарамт үүсгэж байна"
"2020 оны хөл хорионы үеэр Их Британид явуулсан судалгаагаар 16-24 насны залуус инстаграм, сошиал сүлжээнээс болж хамгийн ихээр сэтгэл зүйн дарамтыг туулдаг байна. Тиймээс бид #bodypositivity, #selflove гэх хаштагуудыг ашиглан биеийн галбираасаа болж шаналж буй хөвгүүд, эрчүүдэд эерэг уриалга хүргүүлэхийг зорьж байна. Энэ сэдвээр зөвхөн охид эмэгтэйчүүд бус сэтгэл зүрх, мэдрэмжтэй хүн бүхэн шаналж, ганцаардаж, сэтгэл зүйн сорилттой нүүр тулгардаг гэдгийг ойлгуулцгаая. Бид хамтдаа."
Bodypositivity аяны зохион байгуулагч Рассел Кейн
