Бид энэ удаа уншигчдаасаа цахим орчинд ирж байсан таагүй комментыг нь асуулаа. "Үг гэдэг зүрх сэтгэлийн дуу хоолой" гэдэгчлэн хэн нэгэн танихгүй хүний хэлсэн үгс, бичсэн коммент хэрхэн нөлөөлж, ямар сэтгэгдэл төрүүлдгийг ч тэд хуваалцсан юм.

"Фэйсбүүкт байдаг хамгийн муухай коммент "Ингэж амьдрахаар үхээч" гэх үг. Нэг группт зүгээр л мэдэхгүй зүйлээ асуутал бараг 10, 20 дооглосон коммент уншиж байсан. Өсвөр насандаа их гомдоод, сэтгэлээр унахдаа "Нээрэн үнэхээр үхчихвэл яах бол" ч гэж бодсон удаатай. Хүн ямар комментыг уншихаа, өөрийн цахим "хүрээлэл"-ээ хэрхэн бүрдүүлэх нь надаас хамаарах учраас өөрөө л ухаантай байя гэж боддог болсон. Ийм коммент уншиж байгаа нь биш, бичиж байгаа нь "муухай" учир одоо бол хараад эмзэглэдэггүй, харин ч инээд хүрдэг."
- Саран


"3 жилийн өмнө нэг таньдаг охиныхоо хөрөг зургийг авч, гэрэл зургийн инстаграмдаа оруулж байв. Гэтэл найз залуу нь бололтой нэг залуу эхлээд хардсан байдалтай коммент бичиж байгаад сүүлдээ "Наад зургуудаа устга ***** минь", "Чи хаана байна. Ална тална", "Олигтой зураг авдаг ч юм шиг" гэх мэтээр сүрдүүлж байсан. Хоёр талаасаа зөвшилцөөд авсан гэрэл зургуудад энэ мэт коммент хааяа орж ирдэг. Залуус үерхэл, хосын харилцаандаа итгэдэггүй нь харамсалтай. Танихгүй ч хамаагүй ялгаваргүйгээр хүндэтгэх соёлтой байгаасай гэж хүсдэг."
- Ананд

"Youtube дээр нэг хүн "Гөлөг минь, дараагийн хэсгээ хурдан хий" гэж байсан. Бусдын хийж буй зүйл өөрт нь үнэхээр таалагдсан бол талархаж, таалагдаагүй үнэхээр муу байвал үнэнээр нь шүүмжилж чаддаг байгаасай."
- Ганаа


"Үргүй юм уу? Яагаад өдий хүрчхээд жирэмсэлдэггүй юм" гэж байсан. Хэрвээ би үнэхээр эмэгтэйчүүдийн өвчтэй байсан бол хэчнээн шархлах байсан болдоо...
- Амина

"Миний болон манай найзуудын зургийг зөвшөөрөлгүй авч, нэг группт ингэж оруулсан. Хүн өөрөө өөрчилж чадахгүй зүйлээр "Body shame" хийсэн комментууд муухай санагддаг."

- О

"Чи бол психопат" гэж бичсэн байсан.
- Анхаа

"Эгч нь тэтгэврийн хөгшин ч хааяа нүүрном гээч рүү орж найз нөхөд, танилуудтайгаа "уулзаж" учрах дуртай хүн. Бидний насныхан чинь 10 жил, оюутан ангийн найз нөхдөө санана гэж жигтэйхэн. Хамгийн сүүлд найзуудтайгаа уулзсан зургаа тийш нь оруулсан юм. Хөөрхий санаж байгаагаа л илэрхийлэх гэж тэр шүү дээ. Гэтэл нэг хүн "Дарваан харууд нийлсэн сууж байна даа", "Хэн хэн нь үхэв дээ" гэж бичсэн байсан. Дотор харлаж, яасан муухай санагдсан гээ? Ер нь анзаараад байхад тэнд их л зааж зөвлөсөн, нэгнээ загнасан, гутаасан улс байдаг болтой. Таагүй үгээ өөртөө үлдээх шиг, сайн сайхныг түгээх шиг буян алга шүү, дүү нар минь."
- Отгонцэцэг


"15-тай дүүгийнхээ фэйсбүүкээр "шагайж" үзээд үнэхээр балмагдаж билээ. Үеийнх нь охид хөвгүүд гадуурхдаг нэг охиныхоо зурган доор бөөнөөрөө муухай коммент биччихсэн байсан. "Үхээч" гэх нь энүүхэнд. Дүү маань надад "Энэ охин миний хажууд суудаг. Ангийнхан гадуурхаад дандаа уйлдаг. Би түүний талд ормоор байсан ч намайг бас гадуурхах вий гээд чаддаггүй" гэсэн."
- Оргил

"Твиттерээр дайруулаад хаасан байдгын. Аймаар байсан. 10-аад жил өнгөрчээ."
- М

Цахим орчинд танд "муухай" коммент ирж байсан уу? Аливаа таагүй сэтгэгдлийг уншиж, хүлээн авах нь сэтгэл зүйд яг л биечлэн сонсох мэт хүнд мэдрэмжийг төрүүлдэг. Олон улсын "Pew" хүрээлэнгийн судалгааны дагуу цахим орчин дахь 5 хэрэглэгч тутмын 1 нь цахим доромжлолд өртдөг байна.
#ЦахимОрчиндЗөвХарилц
