UBLife Logo
Спорт

Англи сүмоч Нэгдүгээр сарын тэмцээнээс барилдана

Англи сүмоч Нэгдүгээр сарын тэмцээнээс барилдана

Мэргэжлийн сүмо бөх 35 жилийн дараа англи бөхтэй болох цаг ойртсоор. Минато дэвжээнд элссэн Николас Тарасенко хэмээх 16 настай англи хүү ирэх нэгдүгээр сараас барилдаж эхлэх юм. Минато дэвжээ нь манай Ичиножёо барилдаж байсан дэвжээ бөгөөд түүнийг зодог тайлсны дараа гадаад бөхгүй болоод байсан.

Багаасаа сүмо бөхөд дуртай байсан Николас хүү аавтайгаа хамт олон удаа Японд ирж, орох дэвжээ хайж байжээ. Хоёр жилийн өмнө тэр үед санданмэд барилдаж байсан Аонишикитэй уулзаж, Ажигава оякататай хамт хоолонд орж байсан гэнэ. Николасын ээж нь украин хүн. Япон хэлээр чөлөөтэй ярих Украины Аонишикиг хараад Англидаа буцаад япон хэл шамдан суралцаж эхэлжээ. Өглөө 04:30 цагаас эхлэн цагийн зөрүүтэй Японтой холбогдон онлайн хичээлд сууна. Одоо бол ямар ч орчуулагчгүйгээр харилцдаг болжээ. Озэки асан Барүтогийн зохион байгуулдаг сонирхогчдын сүмогийн “Baltic Cup” тэмцээнд 2023 онд аавтайгаа хамт оролцож, түрүүлсэн бичлэг нь Минато оякатагийн нүдэнд өртсөн байна.

Минато ояката “Одоо япон хэлээр чөлөөтэй ярьдаг болсон. Сүмо бол жирийн спорт биш онцгой ертөнц. Багш гэж хэн бэ, ах дүү бөхчүүд гэж ямар учиртай вэ гэдгээс эхлээд Японы үндэсний уламжлал, ёс заншлыг зааж өгнө” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Николас Тарасенко – 16 настай. 196 см өндөр, 126 кг жинтэй. Рагби, жүдо бөхөөр хичээллэж байсан. Украин ээж, англи аавтай. Аонишики шиг бөх болохыг хүсдэг.

1990 онд зодог тайлсан анхны англи сүмоч Азүмасэки дэвжээний Хидэнокүни хэмээх STRANGE Nathan John ердөө хоёр башё барилдсан. Япон хоол, чанкод дасахгүй 2 сарын дотор 22 кг турж байжээ. Европын анхны сүмоч гэдгээрээ олны анхаарлыг татсан ч энэ нь эсрэгээрээ дэвжээндээ дэглүүлэх шалтгаан болсон. Ингээд жонокүчид 5:2, жониданд 4:5 амжилт үзүүлээд дэвжээнээсээ оргосон юм. Багш нь ятгаж ухуулаад дийлээгүй, гэртээ харьж байсан түүхтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.